БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын эхээр уулзах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын
эхээр хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байна гэж олон эх сурвалж даваа гарагт
мэдээлжээ. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа талууд аюулгүй
байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.
БНСУ-ын Батлан
хамгаалахын сайд Ли Жон Суп Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказүтэй Сингапурт
зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох Шангри-Лагийн яриа хэлэлцээний
хүрээнд уулзах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хэрэв биеллээ
олбол энэхүү хэлэлцээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Японы Ерөнхий сайд
нарын өнгөрсөн ням гарагт хийсэн дээд хэмжээний уулзалтаас сар хүрэхгүй хугацааны
дараа болох юм. Хоёр орны удирдагчид сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр удаа
уулзаад байгаа билээ.
Түүнчлэн 2019 оны
11 дүгээр сараас хойш хоёр орны Батлан хамгаалахын сайд нар анх удаагаа сайд нарын
түвшний хэлэлцээ хийх гэж буй нь энэ юм. Талууд аюулгүй байдалтай холбоотой
олон асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. БНСУ-ын Батлан хамгаалахын яам мөн
Сингапурт болох яриа хэлэлцээний үеэр АНУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нартай
тусдаа хэлэлцээ хийх, мөн Вашингтон, Токиотой гурван талын уулзалт хийхээр төлөвлөж
байгаа ажээ.