Японы Ерөнхий сайд БНСУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр Токиогоос өнөө өглөө мордлоо. Японы Ерөнхий сайд БНСУ-д хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.
К.Фүмио БНСУ-ын
Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой ням гарагт уулзахаар товложээ. Сөүлийг зорихынхоо
өмнө К.Фүмио сэтгүүлчдэд, Юн Сог Ёльтой “харилцан итгэлцэл дээр тулгуурлан”
илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн энэ сарын
сүүлчээр Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад
Юн Сог Ёлийг уриад байгаатайгаа холбогдуулан дэлхий нийтэд тулгамдаж буй
асуудлуудын талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа тэрбээр нэмж хэлжээ.
Хоёр орны удирдагчид БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тохиролцох төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудад мөн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, экспортын хязгаарлалт зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал багтаж магадгүй байна.
Талууд мөн дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг солилцох төлөвтэй байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар уг төлөвлөгөөг санаачилсан юм. Хоёр орны удирдагчид энэ оны гуравдугаар сард Токио хотноо уулзаж, гуравдагч тал зуучлагч болж асуудлыг шийдвэрлэхэд оролцдог дипломат ажиллагааг сэргээхээр тохиролцсон билээ.
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Япон, БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нар гурван талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор К.Фүмио мөн энэхүү айлчлалынхаа үеэр уг уулзалтын бэлтгэлийг хангахыг зорьж байгаа ажээ.