“Хорийн бүлэг” Украины мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /PTI/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Хорийн
бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Барууны орнууд болон ОХУ-ын хооронд санал зөрөлдөөн үүссэний улмаас Украины мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл
гаргаж чадаагүй байна.
НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик энэ талаар хэлэхдээ, уг асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж
чадаагүй нь зохион байгуулагч Энэтхэг улсын хүчин чармайлттай бус уулзалтад
оролцсон орнуудын “хуваагдал, санал зөрөлдөөнтэй” холбоотой гэв.
“Хорийн бүлэг”-ийг
даргалж буй Энэтхэг улс пүрэв гарагт Шинэ Дели хотдоо уг уулзалтыг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар болон "Хорийн бүлэг"-ийн бусад орнуудын сайд нар оролцсон юм.
Харин санал
зөрөлдөөнийг арилгах Энэтхэгийн хүчин чармайлтаас үл хамааран Украины
мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй байна. Э.Блинкен
Энэтхэгийн нийслэлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, уулзалтын
үеэр хамтарсан мэдэгдлийг дэмжээгүй хоёр орон бол Орос, Хятад гэсэн байна.
Пүрэв гарагт болсон НҮБ-ын
ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр С.Дюжаррикаас “Хорийн бүлэг”-ийн Гадаад
хэргийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөж, Вашингтон үүнд
Москва, Бээжинг буруутгаж байгаа талаар тодруулахад дараах хариултыг өгчээ.
“Хэдийгээр бид уулзалтад
оролцоогүй ч Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь зохион
байгуулагч Энэтхэгийн хүчин чармайлттай холбоогүй гэж үзэж байна. Нэгэнт хэлэлцээний
ширээний ард суугаагүй тул асуудал юунд байгааг харьцуулж, буруутгаж, дүн
шинжилгээ хийх нь бидний үүрэг биш. Гэхдээ энэ нь олон улсын чуулга уулзалтуудын үеэр үүсэж байсан хуваагдал, санал зөрөлдөөний бас нэгэн жишээ болж байна” гэж тэрбээр
хэлсэн байна.
“Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр Э.Блинкен, С.Лавров нар Орос Украин руу нэг жилийн өмнө довтолсноос хойш анх удаагаа нүүр тулан уулзжээ. Энэ уулзалтын талаар НҮБ-ын тэргүүн ямар бодолтой байгаа талаарх асуултад С.Дюжаррик, “Нэг талаас бид ямар нэгэн гэрээ, хамтарсан хэлэлцээр, хамтарсан мэдэгдлийг хараагүй, харин нөгөө талаас ОХУ, АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх ямар ч боломжийг сайшаах ёстой. Гэхдээ талууд юуны талаар ярилцсан талаар одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Гэсэн хэдий ч бид үргэлж шууд хэлэлцээ хийх, нүүр тулан ярилцах нь хамгийн сайн арга гэдэгт итгэдэг" хэмээн хариулсан байна.