БНАСАУ байлдааны бэлэн байдлыг шалгах зорилгоор баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-19 12:40:50

ПЁНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын цэргийнхэн бямба гарагт тив алгасагч "Хвасон-15" баллистик пуужинг харвасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, пуужин 67 минутын дотор 989 км зайд ниссэнийхээ дараа Япон тэнгис дэх “байд” оновчтой тусжээ. Нислэгийн дээд өндөр нь 5.77 мянган км байсан байна. 


Уг пуужинг байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтын хүрээнд урьдчилан төлөвлөхгүйгээр харвасан байна.  "Хоёрдугаар сарын 18-ны үүрээр өгсөн галын хүчний байлдааны бэлэн байдлын тухай тушаалын дагуу урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн сургуулилалт хийв" гэж KCNA-гийн мэдээнд дурджээ.


Энэ удаагийн сургуулилалтад 2022 оны 11 дүгээр сард "Хвасон-17" шинэ төрлийн тив алгасагч пуужинг харваж байсан сургуулилалтаас ялгаатай нь "стратегийн үүрэг хүлээсэн анги нэгжүүд" дотроос хамгийн туршлагатай, байлдаанд бэлэн болсон "анхны улаан тугийн одонт баатар рот" оролцсон байна.  


"АНУ, Өмнөд Солонгосын цэргийн аюул занал үл тоомсорлож боломгүй ноцтой болж байгаа өнөөгийн нөхцөлд явуулсан тив алгасагч баллистик пуужин бүхий гэнэтийн сургуулилалт нь манай цөмийн тогтоон барих хүчирхэг хүчний найдвартай байдлын баталгаа боллоо" гэж KCNA мэдээлжээ.


БНАСАУ бямба гарагт дахин баллистик пуужин харвасан талаар Японы Засгийн газар мэдээлжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, пуужин 66 минут нисэж, Япон тэнгист унасан байна. Пёньяны энэ үйлдлийг “G7”-гийн орнууд мөн эрс буруушаажээ.


Связанные новости