CNN: Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимд дахин сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /CNN/. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси завсрын сонгуулийн дүнгээр суудлаа хадгалж үлдлээ гэж "CNN" суваг мэдээлжээ
Тус сувгийн мэдээлснээр, Н.Пелоси Калифорни муж улсын 11 дүгээр сонгуулийн тойрогт Бүгд найрамдах намын өрсөлдөгч Жон Деннисыг 82 хувийн санал авч, ардаа орхисон байна.
Гэсэн хэдий ч бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимын олонхын суудлыг авбал танхимын даргыг намынх нь төлөөллөөс томилно.
Н.Пелосиг "Ардчилсан намын хамгийн нэр хүндтэй нүүр царай", "бүгд найрамдахчуудын эвлэршгүй өрсөлдөгч" гэж “CNN” тодорхойлдог.
2019 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар томилогдсон тэрбээр 1987 оноос хойш Төлөөлөгчдийн танхимд ажиллаж байгаа юм. 10 дугаар сарын 28-нд үл таних этгээд Нэнси Пелосигийн гэрт нэвтэрч, 82 настай нөхөр Пол Пелосид нь халдсан. Хатагтай Пелоси тэр үед гэртээ байгаагүй байна. BBC-ийн мэдээлснээр, халдлага үйлдсэн сэжигтэн хэт барууны үзэлтэн байжээ.