В.Зеленский таван мужид Аюулгүй байдлын албаны дарга нарыг сольжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский таван мужийнхаа Аюулгүй байдлын албаны дарга нарыг сольсон байна. Холбогдох зарлигийг төрийн тэргүүний цахим хуудсанд нийтэлжээ.
Тодруулбал, Харькав муж дахь Украины Аюулгүй байдлын албаны даргаар Александр Куць, Сумы мужид Эдуард Федоров, Полтава мужид Иван Рудницкий, Закарпат мужид Евгений Борзилов, Днепропетровск мужид Сергей Лысак нар тус тус томилогдсон байна.
Украины "Главком" сонинд тэмдэглэснээр, эдгээр албан тушаалтнуудын зарим нь өмнө нь өөр мужуудад энэ албыг хашиж байсан байна. Тухайлбал, С.Лысак өмнө нь Житомир мужид, И.Рудницкий Закарпат мужид, Е.Борзилов Полтава мужид ажиллаж байжээ.
Бямба гарагт В.Зеленский Аюулгүй байдлын албаны дарга Иван Баканов, Ерөнхий Прокурор Ирина Венедиктова нарыг албан тушаалаас нь огцруулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ шийдвэр нь тус байгууллагын ажилтнууд эх орноосоо урвасан олон баримттай холбоотой гэж тэрбээр мэдэгдсэн. Украины удирдагчийн хэлснээр, тус улсад эх орноосоо урвасан, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд төрдөө хохирол учруулах зорилгоор дайсантай санаатай хамтран ажилласан гэсэн зүйл ангиар 651 эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд заримд нь ял тодорхойлжээ.