SIPRI: Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-16 17:34:34

СТОКХОЛМ, 2025 оны зургаадугаар сарын 16 /NHK/. Улс орнууд зэвсэглэлээр дахин хөөцөлдөж магадгүй байгаа нь цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) мэдээлжээ. Түүнчлэн батлан ​​​​хамгаалахын системд хиймэл оюуныг ашиглах нь цөмийн мөргөлдөөн гарах магадлалыг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна. 


Тус хүрээлэнгээс өнөөдөр танилцуулсан тайланд дээрх дүгнэлтүүдийг хийсэн байна. Уг тайланг гаргахдаа улс орнуудын зэвсэглэл, зэвсэг хураах үйл явц, олон улсын аюулгүй байдлын төлөвт хийсэн дүн шинжилгээнд тулгуурлажээ.


Цөмийн зэвсэгтэй орнууд 2025 оны нэгдүгээр сард ойролцоогоор 12 241 цэнэгт хошуутай байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 164-өөр хорогджээ. “Хүйтэн дайн дууссанаас хойш дэлхий даяар үргэлжилсэн цөмийн зэвсгийн тоог хорогдуулах эрин үе дуусах дөхөж байна” гэж тайланд тэмдэглэжээ.


Орос улс 5459, АНУ 5177 цэнэгт хошуутай гэсэн тооцоо бий. Ингэснээр тус хоёр улсыг дэлхийн нийт цэнэгт хошууны 90 орчим хувийг эзэмшдэг гэж үздэг. 


Тус хүрээлэнгийн тооцоолсноор, Хятад улс 600-гаас доошгүй цөмийн цэнэгт хошуутайгаар гурав дахь том нөөцтэй оронд тооцогдож байгаа бөгөөд цөмийн зэвсгийн нөөц нь бусад орныхоос илүү хурдацтай буюу жилд 100 орчим шинэ цэнэгт хошуугаар нэмэгдэж байна.


Түүнчлэн хиймэл оюун болон бусад дэвшилтэт технологи нь хямралын үед шийдвэр гаргах үйл явцыг хурдасгаж, улмаар үл ойлголцол, техникийн осол гаргахад хүргэж болзошгүй байгаа нь цөмийн мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж тайланд дурджээ.

Связанные новости