БНХАУ-аас 72 цагийн дотор зорчих жуулчдыг хүлээн авах ААН-ээс давхар зөвшөөрөл шаардахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гадаадын ажиллах хүч, шилжих хөдөлгөөн, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь" сэдэвт уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. ГХЯ, БОАЖЯ, ГИХГ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцон хамтран зохион байгуулсан уулзалтын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяагаас тодруулав. Тэрбээр хэлэхдээ, ковидын хүнд нөхцөл байдалд 2 жил, хамгийн их нэрвэгдсэн аялал жуулчлалын салбарыг манай яам, төр бүх талаар дэмжин ажиллана гэдгийг илэрхийлж, энд НДШ-ийн өр төлбөрт орсон ААН-үүдийг харьяа дүүрэг, аймаг хотын Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан тодорхой график гарган хойшлуулж төлөх боломжийг гаргаж байгааг хэллээ.
Мөн хүндрэлтэй үед ажлын
байраа хадгалж ирсэн компаниудыг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулж буйг
дуулгалаа. Тэрбээр салбарын төлөөллийн хувьд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд
бүс нутгийн, хилийн боомтын салбар нэгжүүдийн оролцоо, үйл ажиллагаа чухал
байгааг хэлж, харин аялал жуулчлалын хувийн хэвшлийн ААН-үүдийн хувьд
хариуцлагатай аялал жуулчлалыг барьж ажиллах шаардлагатайг тодотгож байлаа. Тэрбээр
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хил орчмын аялал жуулчлалыг
бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан нийцүүлж, тусгаж өгснөөр цаашид хөгжих
эрх зүй бүрдэнэ. Ингэснээр аялал жуулчлалын кластер төвүүд бий болно гэдгийг
тодотголоо.
Уулзалтад оролцсон бизнесийн төлөөллийнхэн орон нутагт аялал жуулчлалын чиглэл маршрутыг хэрхэн тогтоох, манай улс гадаадаас ажиллах хүч авах хоригт ямар улс орон багтдаг зэрэг асуултыг тавьж байлаа. Хилийн бүс нутаг, боомтыг аялал жуулчлалын нөхцөл байдалтай уялдуулан ач холбогдол, дэд бүтцээр нь эрэмблэх, БНХАУ-аас ирэх жуулчдад зориулсан дээд зэргийн тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтээ уламжилж байв. Тухайлбал, манай улсад хилийн орчим ОХУ-аас автомашинтай болон БНХАУ-аас нисдэг тэргээр зорчих санал их ирдэг. Ийм төрөлжүүлсэн VIP буюу элит аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна. Үүнд нисдэг тэрэг буух дром, албан ёсны зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байна гэсэн саналаа хэлж байв.
Замын-Үүд боомтоор орж ирж буй аялагч, жуулчдыг Дорнод, Хэнтий аймгаар дайруулан Дадал зэрэг түүхэн дурсгалт газруудаа үзүүлж сонирхуулах, баруун бүсийн Цагааннуур боомтоос урагшаа Ярантын боомт хүртэл Монгол Улсын босоо чиглэлийн замын хөдөлгөөний холболт дуусч буйтай холбоотойгоор Алтай Таван богд, Ховдын Бодончийн хавцал хүртэл мөн нэг чиглэл гаргах байдлаар аялал жуулчлалын маршрутыг хүч тарамдуулалгүйгээр чиглүүлж зохицуулах шаардлага, боломж гарцууд бийг хэлж байв. Аялал жуулчлалыг сэтгэлтэй байж босгодог болохоос бус дээрээс бичиг цаасаар хөгжүүлдэг салбар биш. Дурдсан тодорхой чиглэлийн маршрутыг туршилтын журмаар жишиг байдлаар хэрэгжүүлээд явахад аялал жуулчлал өөрөө аяндаа босоод ирнэ.
Тухайлбал, жуулчлалын дурдсан маршрутыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны 6 сая жуулчинд зориулан сурталчилмаар байна. Их эзэн Чингис хааныхаа нэрийг архи дарсан дээр бус газар нутаг дээрээ ашиглах хэрэгтэй байна. Урд хөршөөс 72 цагийн дотор визгүй зорчих жуулчдыг аялал жуулчлалын компаниудад хуваан хариуцуулан ажиллуулах, визгүй богино хугацаанд зорчих үйл ажиллагааг Ханх болон Боршоо зэрэг хойд хилийн боомтод ч хэрэгжүүлэх боломжтой, ийм нөхцөлийг хилийн боомтууд гаргах хэрэгтэй байна гэсэн саналуудыг тавьж байлаа. БНХАУ-аас 72 цагийн дотор визгүй зорчих жуулчдыг оруулж ирэх аялал жуулчлалын тур оператор компаниудаас давхар зөвшөөрөл нэмж шаардахгүй гэдгийг БОАЖЯ-наас мэдээлж байна. Дээрх хугацаанд орж ирэх жуулчид зөвхөн хил орчимд зөвшөөрлөөр зорчих юм байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр