Монгол Улс-Европын холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Европын холбоо, ЕХОБ-ын дэмжлэгээр манай улсад нэг тэрбум еврогийн санхүүжилт олгоно.
Тус хамтын ажиллагааны санамж бичигт ЕХОБ-ын Дэд ерөнхийлөгч Тереза Червинска, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нар Шангри-Ла зочид буудалд болж буй “Монгол Улс-Европын холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрч, Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болох юм.
Хоёр өдөр
үргэлжлэх тус форум нь нэгдсэн, сэдэвчилсэн, салбар хуралдаанаар эхэлсэн
форум харилцаа холбоо, түншлэлийг бий болгох бизнес, төр, санхүүгийн
байгууллагын хоорондох хоёр талт уулзалт, чадавх бэхжүүлэх туршлага солилцох семинар,
төслийн уралдаанаар үргэлжилж байна.
Европын холбооны
70 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн ирсэн тус форумд бодлого тодорхойлогч, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, энтрепренер, төсөл хэрэгжүүлэгч 700 гаруй төлөөлөл хөрөнгө оруулалтын
онцлох төсөл хөтөлбөрөө танилцуулж байна. Форум нь стратегийн хамтын
ажиллагааг өргөжүүлж, шинэ зах зээлийн боломжийг нээх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, Монгол
Улс Европын холбооны урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх зорилготой аж.
Монгол Улс ЕХОБ-тай 2014 оноос хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт аваад
байгаа. Тухайлбал, уур амьсгалд тэсвэртэй,
нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн
хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, хотын олон төвт хөгжлийг дэмжиж, гэр хорооллын
дэд бүтцийг сайжруулах “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр” төслийг
амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.