АНУ-аас Украинд суух Элчин сайдад нэр дэвшигчийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /White House/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-аас
Украинд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Брижит Бринкийг нэр дэвшүүлэх
хүсэлтэй байгаагаа даваа гарагт танилцуулжээ.
Б.Бринк нь Гадаад
харилцааны албаны ахлах ажилтан бөгөөд өдгөө АНУ-аас Бүгд Найрамдах Словак
Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байна. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн
департаментын Европ, Евразийн асуудал хариуцсан товчооны ахлах зөвлөх, нарийн
бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж, Зүүн Европ, Кавказтай холбоотой
асуудлуудыг хариуцаж байжээ. Мөн Узбекистаны нийслэл Ташкент, Гүржийн нийслэл
Тбилиси хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр ажиллаж байжээ. Э.Бринк
Гадаад хэргийн албанд хорин таван жил зүтгэхдээ Европ, Еврази дахь АНУ-ын
бодлогыг урагшлуулахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн Эгейн тэнгис болон Өмнөд Кавказ хариуцсан захирлаар ажиллаж
байсан бөгөөд Төрийн департаментад Өмнөд Европын асуудал эрхэлсэн дэд захирал,
Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн дэд даргын тусгай
туслахын алба хашиж байжээ. Тэрбээр Сербийн нийслэл Белград хотоос ажлын
гараагаа эхэлсэн байна.
АНУ-ын Мичиган
муж улсаас гаралтай Б.Бринк олон шагнал хүртжээ. Лондоны Эдийн засаг, улс
төрийн шинжлэх ухааны сургуульд Олон улсын харилцаа, улс төрийн онолын
чиглэлээр магистр, Кенионы коллежид улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалсан тэрбээр орос хэлтэй бөгөөд словак, серб, гүрж, франц хэл эзэмшжээ.