Ж.Йеллен “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /NHK/. “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтад АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Оросын төлөөлөгчид цахимаар оролцох гэж байгааг үл харгалзан оролцохоор болжээ.
Даваа гарагт АНУ-ын Сангийн яам түүнийг Вашингтон хотноо дөрөвдүгээр сарын 20-нд болох уулзалтад оролцоно гэдгийг мэдэгджээ. Энэ нь Орос Украинд түрэмгийллээ эхлүүлснээс хойших “Хорийн бүлэг”-ийн анхны сайд нарын түвшний уулзалт болох юм.
Энэ сарын эхээр Ж.Йеллен Оросын төлөөлөгчид ирвэл олон тооны уулзалтад оролцохгүй гэдгээ Индонезийн эрх баригчдад тодорхой илэрхийлсэн талаараа мэдэгдээд байсан ч дээрх шийдвэрийг гаргажээ. Индонез улс энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа юм.
Оросын төлөөлөгчид удахгүй болох уулзалтуудад цахимаар оролцох төлөвтэй байгаа талаар Индонезийн тал мэдээлснээс хойш АНУ ямар шийдвэр гаргах нь олны анхаарлын төвд ороод байжээ.
Харин АНУ-ын Сангийн яамны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ж.Йеллен Украиныг дэмжих зорилгоор түншүүд болон холбоотнуудын хамт уулзалтад оролцох нь ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Тус яамны мэдээлснээр, Ж.Йеллен Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль, Японы Сангийн сайд Сүзүки Шүничи нартай мөн хоёр талын уулзалт хийх ажээ.