Олимпиадад 1200 сурагч, 500 гаруй багш оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор зохион байгуулсан Улсын төрөлжсөн болон аймгийн олимпиадын хоёрын даваа амжилттай болж дүнгээ гарган, шилдгүүдийг урамшуулав.
Олимпиадад 1200 сурагч, 500 гаруй багш дөрөвдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд мэдлэг чадвараа уралдуулан шилдэг оролцогчид ийнхүү шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Ззасаг даргын орлогч Г.Чинбат, Ж.Алтанзагас, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Л.Отгончимэг, Аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар нар гардуулж өгсөн юм.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар нарын дэмжлэг тусламжтайгаар Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд 53,6 сая төгрөгийн мэдээлэл зүйн иж бүрэн тоног төхөөрөмжийг БШУЯ-наас хүлээлгэн өгөв. Ингэснээр тус сургуулийн сурагчид орчин үеийн өндөр хурдны тоног төхөөрөмж бүхий мэдээлэл зүйн иж бүрэн кабинетэд сургалтаа явуулах боломжтой болж буйгаараа чухал ач холбогдолтой юм гэдгийг орон нутгийн удирдлагууд онцлон хэлж байлаа.