“Алтайн хүдэр” ХХК-тай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Цээл сумын Засаг дарга Д.Буянхишиг, "Алтайн Хүдэр" ХХК-ийн удирдлагууд гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.
Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Алтайн Хүдэр” ХХК-тай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан нь шинээр оруулсан онцлог заалт болсон байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх найман арга хэмжээг тусгажээ.
1. Нийт ажлын байрны 30-аас доошгүй хувьд орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах
2. Орон нутгийн оюутан залуусыг дадлага хийх нөхцөл боломжоор хангах
3. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх
4. “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн олборлолтын үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, холбогдох хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж, татварыг хугацаанд нь бүрэн төвлөрүүлэхэд хүчин чармайлт гаргах
5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон төлөвлөгөөний дагуу үйлдвэр, уурхайн орчин, замын маршрутын дагуу хөрс, ургамал, булаг, шанд, гол горхи, ан амьтан хамгаалах ажлыг зохион байгуулж, нөхөн сэргээлт хийх
6. “Шинэ цээл" суурьшлын бүсэд шинээр баригдах барилга байгууламжийн дэд бүтцэд зориулж халаалтад 500 сая төгрөг, цэвэр бохир усны дэд бүтцэд 2,0 тэрбум төгрөг нийт 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үе шаттайгаар олгох
7. “Алтай Хүдэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Таяннуурын уурхайгаас Бургастай боомт хүртэлх барьж буй авто замын засвар арчилгааг хариуцан ажиллах
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Таяннуур-Бургастай чиглэлийн тээврийн замын дагуу мод тарьж ургуулах зэрэг заалтуудыг тусгасан тухай холбогдох албанаас мэдээлэв.