Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн оны статистик тоо баримт, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулав. Тодруулбал, тус аймгийн эрүүл мэндийн салбарт 173 их эмч, 30 эм зүйч, 36 эх баригч, 66 багийн бага эмч, 8 бага эмч, 23 бүртгэл мэдээллийн ажилтан, 249 сувилагч, 58 эм найруулагч, 9 шүдний эмч, 35 лаборант, 19 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 2 био анагаахын мэргэжилтэн, 6 мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, 49 бусад дээд мэргэжилтэн, 277 эрүүл мэндийн туслах ажилтан, нийт 1047 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.
Тэрээр тус аймагт хүн амын нас баралтын тэрүүлэх таван шалтгааныг танилцуулав. Нэгдүгээрт зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт, хоёрдугаарт хорт хавдрын шалтгаант нас баралт, гуравдугаарт осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт, дөрөвдүгээрт хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн шалтгаант нас баралт, тавдугаарт амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь тэргүүлэх өвчлөлд тооцогдсон байна.
Энэхүү танилцуулга мэдээллийн дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлд салбарын шинэчлэл хийгээд улсын төсвөөр хийгдэж буй ажлуудыг танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр шагнагдсан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын шагналыг гардуулан өглөө. Тэрээр тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг газар дээр шийдвэрлэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв.