Ж.Байден “Орос Украинд ямар ч үндэслэлгүйгээр халдсаныг” зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэлбэрэлт болсон талаар мэдээлэл гарсны дараа мэдэгдэл хийж, Оросын зэвсэгт хүчний үндэслэлгүй халдлагыг зэмлэн буруушаажээ.
“Ерөнхийлөгч
Путин асар их гарз хохирол дагуулах, урьдаас төлөвлөсөн дайныг сонголоо. Энэ
халдлагаас үүдэн учрах үр дагаврыг ОХУ дангаараа хариуцах бөгөөд АНУ болон түүний
холбоотон, түншүүд нэгдмэл, шийдэмгий хариу өгөх болно. Дэлхий нийт Орост
хариуцлага тооцох болно” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.
Украин, тэр
дундаа нийслэл Киевт дэлбэрэлт болсны дараа Цагаан ордны мэдэгдэл гарчээ. Дэлбэрэлт
болохоос өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “цэргийн тусгай ажиллагаа”
явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдээд, Украинд “цэрэг зэвсгээр хөөцөлдөхөө зогсоохыг”
уриалсан байна.
Украины Дотоод
хэргийн яамны зөвлөх Антон Герашченко “whatsapp” нийгмийн сүлжээн дэх сэтгүүлчдийн албан ёсны бүлгэмдээ, ОХУ-ын халдан
довтлох ажиллагаа Киевт пуужингийн цохилт өгснөөр эхэллээ гэж мэдээлжээ.
Ж.Байден өнөөдөр
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчидтай утсаар ярьж, Америкийн ард түмэнд хандан үг
хэлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр “Украины төдийгүй дэлхийн энх тайван,
аюулгүй байдлын эсрэг түрэмгийллийн энэ үйлдэл"-тэй холбогдуулан АНУ, түүний холбоотнуудын зүгээс Оросын эсрэг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “арга хэмжээ”-ний талаар танилцуулахыг зорьж байна гэж мэдэгджээ.
“Бид мөн
НАТО-гийн холбоотнуудтайгаа эвслийн эсрэг аливаа түрэмгийллийг таслан зогсоох
хүчтэй, нэгдсэн хариу арга хэмжээ авахын төлөө хамтран ажиллана” хэмээн АНУ-ын
Ерөнхийлөгч хэлсэн байна.