АНУ “Умардын урсгал-2” төслийн оператор компанид хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-24 11:08:43

ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Герман-Оросын хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойн оператор компани болон удирдлагуудад хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна.  


““Nord Stream 2 AG” компани болон тус компанийн удирдлагуудад хориг арга хэмжээ авахыг би засаг захиргаандаа үүрэг болгосон” гэж Америкийн удирдагчийн мэдэгдэлд дурдсан байна. Түүний мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт нийтэлжээ.


Чухам хязгаарлалтын ямар арга хэмжээ авч байгааг мэдэгдэлд тодорхой дурдаагүй байна. "Энэхүү алхам нь ОХУ-ын Украинд явуулж буй үйлдлийн хариуд авсан манай хориг арга хэмжээний эхний үе шатны бас нэг хэсэг юм. Хэрэв ОХУ байдлыг улам хурцатгасаар байх аваас АНУ цаашдын арга хэмжээг авна" гэж Ж. Байден цохон тэмдэглэсэн байна.


Түүний хэлснээр, “Ерөнхийлөгч Путин өөрийн үйлдлээрээ дэлхий дахинд Оросын хийнээс татгалзах хөшүүргийг өгчээ”.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтын тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт дамжуулах хоолойн төсөл юм. Герман, Дани, Орос, Финланд, Швед гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан энэхүү дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай байна.  

Связанные новости