БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээсээ татгалзахыг ОХУ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /TASS/. Герман улс Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг /БНЛАУ/ хүлээн зөвшөөрсөн шийдвэрээсээ татгалзахыг ОХУ-д уриалсан байна.
Энэ тухай НҮБ-д суугаа Германы байнгын төлөөлөгч Антье Лендертсе Украины асуудлаарх Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр мэдэгджээ.
“БНДАУ болон БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөн өнөөдрийн /хоёрдугаар сарын 21/ шийдвэрээ нэн даруй эргүүлэн татаж, “Нормандын дөрвөл”-ийн тохиролцсоны дагуу Минскийн хэлэлцээрийг дахин биелүүлэхийг ОХУ-д уриалж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
ОХУ Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийг давах ёсгүй бөгөөд "тус улсын хилийн ойролцоох бүс нутгуудаас цэргээ нэн даруй татах ёстой" гэж Лендертсе нэмж хэлэв.
Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНДАУ болон БНЛАУ-ыг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрч, удирдагч нартай нь найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулжээ.
Дараа нь тэрбээр БНДАУ, БНЛАУ-тай дипломат харилцаа тогтоохыг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосон бол Батлан хамгаалах яамандаа нутаг дэвсэрүүдэд нь энх тайвныг сахиулахыг үүрэг болгосон байна.