Иран улс шинэ баллистик пуужин бүтээснээ мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-10 15:53:45

ТЕХРАН. /Reuters/. Иран улс 1450 км-ийн тусгаалтай шинэ баллистик пуужин бүтээсэн талаар тус улсын төрийн мэдээллийн “Tasnim” агентлаг мэдээлжээ.


“Энэхүү стратегийн зэвсэг нь маневрлах чадвар өндөртэй пуужингийн хамгаалалтыг нэвтэлж чаддаг, алсын тусгалтай гурав дахь үеийн пуужин юм” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна.


Уг пуужинг Ираны армийн удирдлагууд Лалын хувьсгалыг хамгаалах корпусын пуужингийн баазад айлчлах үеэр үзүүлсэн гэж мэдээлж байна. Энэхүү шинэ пуужин нь "Хейбаршекан" пуужингийн илүү хурдан бөгөөд шинэчилсэн хувилбар гэдгийг мөн дурджээ.


Дээрх мэдээ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээтэй холбоотой хэлэлцээ Венад сэргэснээс нэг хоногийн дараа гарсныг хэвлэлүүд онцолж байна. Хэлэлцээ өнгөрсөн оны сүүлчээр мухардалд орсны дараа дахин эхэлж байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тус улсыг уг гэрээнээс гарч байгааг 2018 оны тавдугаар сард мэдэгдэж, Ираны эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан. Вашингтон Иранд авсан хориг арга хэмжээгээ цуцлах “улс төрийн шийдвэр гаргах” ёстой гэж Ираны тал гэрээг сэргээх сүүлийн хэлэлцээний дараа мэдэгджээ.

Связанные новости