Хөрөнгийн зах зээлийн өсөлт ирэх онд улам тэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн зах
зээлийн голлох мэдээллийн агентлаг Блүүмберг Монголын Хөрөнгийн бирж, түүний
үнэт цаасны арилжааг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцолжээ. Монголын
Хөрөнгийн бирж дэх ТОП-20 индексийн үзүүлэлт энэ оны 12 дугаар сарын 5-ны
байдлаар 104 хувь буюу 2 дахин өсжээ. Энэ нь манай Хөрөнгийн бирж дэлхийн
хамгийн өндөр өсөлттэй зах зээлийн нэг болоход голлон нөлөөлжээ.
Дээрх өсөлтийн зэрэгцээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн судалгааны агентлаг болох Их Британийн FTSE Russell группээс Монголын Хөрөнгийн зах зээлийг мөн энэ оны 9 дүгээр сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-нд оруулсан. Энэ нь дотоодын зах зээлийг олон улсын хэмжээнд таниулж, олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал дэмжлэг болох юм гэдгийг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна.
Түүнчилэн цаашид зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх
чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлж байна гэжээ. Мөн энэ онд
нийт арилжаа түүхэндээ анх удаа 1.4 их наяд төгрөгт хүрсэн төдийгүй “Эрдэнэс Тавантолгой”, “InverCore”, “lendmn”,
“Cu”, “Мандал
ирээдүйн өсөлт” хөрөнгө оруулалтын сан зэрэг нийт 9 шинэ үнэт цаас
бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Одоогийн байдлаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын
зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөг байна. Энэ нь манай ДНБ-ийн 12 хувьтай тэнцэж байна. Хэрэв
Хөрөнгийн бирж дээр манай томоохон ААН-үүд бүтээгдэхүүнээ илүү гаргаад эхэлбэл
иргэдийн харилцах хадгаламжийн үлдэгдлийн тодорхой хувь нь хөрөнгийн зах зээл
рүү хөрөнгө болон шилжих
бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж
байна.
Монголын Хөрөнгийн биржийн өнгөрч буй оны голлох үзүүлэлтүүд:
Банкны тухай хуулийн шинэчлэлийг дагаад "Богд" банк анхны банк болж, 2021 онд амжаад хувьцаагаа гаргачихлаа. Цаана нь системийн томоохон банкууд олон нийтэд нээлттэй болох хүлээлт бий.
Техник технологийн дэвшлийн нөлөөгөөр криптовалютын зах
зээл асар хурдацтай хөгжиж манай улсад төдийгүй дэлхийн нийтэд криптовалют,
койны арилжаа идэвхжиж байна. Энэхүү шинэ орчныг зохицуулах хууль эрх зүйн
орчин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон түүнийг дагалдан
гарах дүрэм журмуудын дагуу бэлэн болно. МХБ ирэх онд олон
улсад төдийгүй дотоодын зах зээлд тренд болоод байгаа виртуал хөрөнгийн
арилжааг туршилтын журмаар эрхлэхээр төлөвлөж байна.
Ирж буй онд
банкуудын IPO, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авч
хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төрийн өмчит компаниудын IPO, гадаадын биржид
бүртгэлтэй компаниуд үнэт цаасаа давхар бүртгүүлэх үйл явцын нөлөөгөөр зах
зээлийн өсөлт үргэлжлэх хандлагатай байна.
Мөн, старт-ап компаниудад шаардлагатай санхүүжилтийг түргэн шуурхай босгох боломжийг олгох туслах захыг олон улсын бусад биржийн жишгийн дагуу бий болгохоор ажиллаж байгааг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай дуулгаж байна. Ингэснээр шинээр байгуулсан компаниуд банкны зээлээр бус олон нийтээс хямд өртөгтэй санхүүжилтийг богино хугацаанд татах, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын Хөрөнгийн биржийн 1,2-р ангилалд үнэт цаасаа бүртгүүлэх боломж бүрдэх юм.