Орос, Монгол дэд бүтцийн чухал төслүүдийн талаар хэлэлцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Россия 24/. Хөрш орнуудын харилцаа цар тахлын үед ч хөгжих ёстой. Хоёр талын ийм харилцааны ач холбогдлын талаар Улаанбаатар хотноо болсон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярилцлаа. Шадар сайд Виктория Абрамченко тэргүүтэй манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн яам, Сангийн яам болон бусад олон арван байгууллагын төлөөлөгчид багтлаа.
Дипломат харилцаа амжилттай хөгжсөн зуун жилийн ойгоо Орос, Монгол энэ жил тэмдэглэж байгаа бөгөөд худалдаа, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтарсан төслүүд хэрэгжиж байна.
Энэ бүх сэдвийг Улаанбаатарт болсон уулзалтын төгсгөлд гарын үсэг зурсан протоколд тусгалаа.
ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “Бид эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас боловсруулсан тодорхой санал бий. Цаашид биднийг хоёр талын худалдааг өргөжүүлэхтэй холбоотой томоохон ажлууд хүлээж байна. Орос улсын оролцоотойгоор Монголын нутаг дэвсгэрт дэд бүтцийн төслүүдийг цаашид хөгжүүлэх талаар ярилцлаа. ОХУ-ын томоохон компаниудыг оролцуулан Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг нөхөх асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын түлш цэнэглэх цогцолборын оператороор “Роснефть” компанийг оролцуулах талаар ярилцлаа” хэмээв.
Монголд том хэмжээний эрчим хүчний төслүүд урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй бөгөөд “Союз Восток” хийн хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох бөгөөд Монголын нутгаар Хятад хүртэл мянга шахам км үргэлжилнэ. Экспортын хүчин чадлын хувьд уг хоолой нь жилд 38 тэрбум шоо метр хийн хүчин чадалтай "Сибирийн хүч-1”-ээсээ 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Монгол Улс мөн ОХУ-тай транзит түлшнээс төлбөр аваад зогсохгүй өөрөө хэрэглэгч орон болох талаар хэлэлцээ хийж байна. Хийн хоолой тавих барилгын ажил техникийн бүх асуудлыг зөвшилцсөний дараа 2024 онд эхлэх төлөвтэй байна.
“Одоогоор бид энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад анхаарч байна. Эрчим хүчний яам, Газпром болон энэ төслийг хэрэгжүүлэхээр тусгайлан байгуулсан охин компанийн хамт олон энэ оны эцэс гэхэд энэ ажлыг дуусгана. Бид арай эрт, 12 дугаар сарын эхний өдрүүдэд дуусна гэж найдаж байна. ТЭЗҮ бэлэн болмогц төслийн өртөг болон бусад бусад үзүүлэлтүүд тодорхой болно” гэж Абрамченко ярилаа.
Уулзалтын үеэр мөн хоёр талын худалдааны хэтийн төлөвийн талаар нэлээн их ярилцав. Цар тахлын өмнө хоёр талын худалдааны хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрч байсан ч хязгаарлалтын улмаас худалдааны эргэлт 20 орчим хувиар буурчээ. Гэсэн хэдий ч одоо сэргэж байгаа бөгөөд оны эцэс гэхэд хямралын өмнөх үеийн түвшинд хүрнэ гэж талууд найдаж байна.
Чингис хааны энэ цагийн үр удам хөршүүдийнхээ эдийн засгийн харилцаанаас үр шим хүртэж сурчээ. Өдгөө Орос улс бол Монголын худалдааны гол түншүүдийн нэг юм.
Одоогийн байдлаар хоёр талын худалдааны эргэлтийн 97 орчим хувийг Оросын экспорт бүрдүүлж байгаа нь үнэн ч Монголын бараа бүтээгдэхүүн, тухайлбал алдарт ноолууран эдлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүн нь манай зах зээлд ирээдүйтэй байж магадгүй юм.
Эдгээр бүтээгдэхүүнээ гаргахын тулд Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна.
"Ковид-19" цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа манай улсын зүгээс ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа” гэж Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Улаанбаатар хотноо Засгийн газар хоорондын түвшинд хэлэлцсэн хоёр талын асуудлуудыг одоо 12 дугаар сард болох Ерөнхийлөгч нарын уулзалтад дэлгэрэнгүй танилцуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Москвад хүрэлцэн ирэх юм.