Төр-хувийн хэвшлийн шинэ сувгийн талаар хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн танхимуудын 12 дахь конгресс Дубай хотноо эхэллээ. Дэлхийн Танхимуудын конгрессыг Дэлхийн Танхимуудын холбоо, Олон улсын худалдааны танхим болон АНЭУ-ын Дубайн танхим хамтран зохион байгуулж байна. 100
гаруй орны 1200 гаруй төлөөлөгч шинэ дижитал эрин дэх Худалдаа, аж
үйлдвэрийн танхимуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцаж байна. Танхимууд гишүүдийнхээ өөрчлөгдөж буй
хэрэгцээ шаардлагад хөл нийлүүлэн алхаж, төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааны шинэ сувгийг бий болгох
шаардлага гарсныг конгрессоор хэлэлцэж байна.
Коронавирусний халдварын нөхцөл байдлаас үүдсэн бизнесийн үйл ажиллагааны тасалдал, шинэ сорилтуудыг даван туулах замаар бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулахын зэрэгцээ цар тахлын үед арга барилаа шинэчлэн боловсруулсан бусад танхимаас туршлагаа хуваалцана.
Бизнесийн тогтвортой байдлыг бий болгох хүрээнд компаниуд болон танхимууд "шинэ хэвийн байдал" (new normal)-д дасан зохицох, хүний нөөцийн бүтцийг хэрхэн өөрчлөх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд танхимууд чуулж байна. “Дараагийн үе: Танхимууд 4.0” сэдвийн дор зохион байгуулж буй тус конгресст МҮХАҮТ-ын удирдлага оролцож байна.