Булган аймаг аялал жуулчлалын мэргэжилтнүүдээ Унгарт бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-18 19:01:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Унгар улсын ЭСЯ Булган аймгийн хооронд мал эмнэлэг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээнд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Обрущанский Борбала, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны талаар Булган аймгийн Засаг даргаас тодруулав.

-Хамтын ажиллагааны гол агуулга, үйл ажиллагааг тодруулна уу?

-Манай аймгийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан. Үүн дээр бид аялал жуулчлалыг мөн аймгийнхаа тэргүүлэх салбарын нэг болгохыг зорьж байгаа. Үүнтэй уялдаад Унгар улсын ЭСЯ-тай өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тодруулбал, бид аймгаасаа малын эмч, зоотехникч, дээр нь аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байна. Ер нь аймгийнхаа залуу боловсон хүчинг бэлдэх, тэднийг дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Аймаг орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаад харилцаа чухал гэдгийг харж үүгээр дамжуулан мэргэжилтнүүдээ бэлтгэе гэсэн зорилготой ажиллаж байна.

-Хамтын ажиллагаа яаж хэрэгжих вэ?

-Юуны өмнө бид ЕБС төгсөж байгаа, Булган аймагтаа төрж өссөн, дээр дурдсан салбар мэргэжлийн чиглэлээр сурах хүсэл сонирхолтой хүүхэд залуусыг Унгар улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулна. Эхний ээлжинд багахан ч хамаагүй, цөөн тооны хүүхдүүдээ хамруулна. Энэ нь аймгийн хөгжилтэй салшгүй холбоотой, орон нутгаа хөгжүүлэх салбарууддаа боловсон хүчнээ бэлдэе гэж байгаа юм.



-Танайх мөн БНСУ-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ талаараа тодруулна уу?

-Ер нь манай аймаг зүүн өмнөд Азийн улсууд, ялангуяа Япон, БНСУ-тай хамтын ажиллагаа байгуулаад 2018 оноос хойш ажиллаж байгаа. Ажиллах хүч бэлтгэх хүрээнд Япон улсад 300 гаруй залууг дадлагачаар 3 жил ажиллуулж байна. 100 гаруй залуу очиж ажиллаад ихэнх нь эх орондоо ирсэн. Цааш үргэлжлээд явна. БНСУ-ын хувьд тус улсын Кёнге аймагтай хамтран ажиллаж байгаа. Мөн л ХАА, аялал жуулчлалын мэргэжилтэн бэлдэх, бас эмч нарыг суралцуулж богино хугацаагаар мэргэшүүлж байгаа. Аймгийн "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан оюутан сургах, скаутын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахмадын эрүүл мэндийг хамгаалах, "Нэг сая мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байна. Эдгээрийг яаралтай бодит ажил болгон хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд хоёр тал онцгой анхаарч байгаа.




-Хүүхэд залуусыг ингээд гадаадад сургахад тухайн хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид залуучуудаа хоёр байдлаар дэмжиж байгаа. Нэгдүгээрт, эх орондоо их, дээд сургуульд сурч байгаа, ЭЕШ-аар хамгийн их оноо авсан 30 хүүхдэд сургуулийнх нь бүтэн жилийн суралцах тэтгэлгийг олгож байгаа. Гадаадад 100 хувийн тэтгэлгээр 4 жил суралцах залуучуудтайгаа төгсөж ирээд аймаг, орон нутагтаа дор хаяж 8 жил ажиллаж амьдарна гэсэн 4 жилийн гэрээг эцэг, эхийг оролцуулаад аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан гурвалсан байдлаар байгуулж байгаа. Энд хамгийн гол нь аймагтай хэрэгтэй, аймаг орон нутгаа хөгжүүлэх салбарын боловсон хүчин болж ажиллах боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Хүүхэд залуучуудыг сургах төсөв хөрөнгө нь хаанаас гарч байгаа вэ?

-Дотоодод сургалтын хувьд уул уурхайн компаниудтай байгуулж байгаа нийгмийн хариуцлагын гэрээнд тулгуурлан аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хүрээнд оюутан залуусыг сургах тэтгэлэг олгох санал тавьж ойлголцсон. Энэ хүрээнд одоогоор 36 хүүхдийн бүтэн жилийн сургалтын төлбөр 180 сая төгрөгийг гаргаад байна. Гадаадын сургалтын тухайд түрүү хэлсэнчилэн хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцуулж байгаа.




-Аймгийн тэргүүлэх салбарын нэг болгож байгаа аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар юу хийж байна?

-Түрүү хэлснээр манай аймаг ХАА-гаасаа гадна аялал жуулчлалыг мөн дагалдуулан тэргүүлэх салбар болгох зорилт тавин ажиллаж байна. Хоёр салбар маань хослон хөгжвөл аймгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж харж байгаа. Аялал жуулчлал дээр юуны өмнө брэнд болсон айргаараа жуулчдыг голлон татаж айраг, адууныхаа соёлыг сурталчилж түгээнэ. Дээрээс нь аялал жуулчлалын тодорхой маршрутуудыг гаргаж байгаа.

Энд Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Хойд талын сумдад байгалийн үзэсгэлэнт болон адал явдалт аялал жуулчлалыг дагнана гэсэн ийм 3 маршрутыг гаргахаар төлөвлөөд зураг төслийг бэлдээд байна. Энд дэд бүтцээ хөгжүүлэх цахим сүлжээ бий болгох гээд хийх ажил их байгаа. Эдгээрийг үе шаттай эхлүүлж байгаа.

Сүүлийн үед хэл ам татлаад байгаа 3.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж чадсан. Монголдоо айрагны өлгий нутгийн нэг Булган аймагт айрагны өргөө байгуулна. Гадна дотны хүмүүс бүгд ирж сонирхдог том, сайхан өргөөтэй болох юм. Энэ бол аялал жуулчлалын нэг гол бааз суурь болно гэж үзэж байгаа.

-Аялал жуулчлалын маршрутаа хөгжүүлэхэд юу хийж байна вэ? Энд 00-оос эхлээд хог хаягдал, зам харгуй гээд олон ажил ундарна..?

-Энэ талаар аялал жуулчлалын компани, ААН-үүдээ оролцуулсан форум зохион байгуулж 00-оос эхлээд хог хаягдлаа анхаарах зэргээр бүх зүйл дээр бүгд нэг стандарттай байя гэж ярилцаж тохирсон. Аялал жуулчлалаа байгаль орчноо хамгаалахтай хамт хөгжүүлнэ. Жишээ нь, манай аймаг “Нэг тэрбум мод” тарих Үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт аваад байгаа гэв.

 

Булган аймгийнхан өнгөрсөн сард нийслэл хотноо, Д.Сүхбаатарын талбайд “Айрагны өдөрлөг” эвент үйл ажиллагааг 2 өдөр зохион байгуулж айргаа борлуулснаар 286 сая төгрөгийн орлого олжээ. Энэ нь зөвхөн брэнд айргаа сурталчилахаар гадна аймгийнхаа баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгч нарыг дэмжих үүднээс зохион байгуулсныг тэрээр онцлон дурдлаа. Энэ эвентыг нийслэлээс гадна хүн ам их суурьшсан хөрш Орхон аймагт тогтмол зохион байгуулах болсныг тодотгов.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости