Афганистанд үлдээсэн АНУ-ын зэвсгийг Пакистан худалдаж авна гэх мэдээллийг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /TASS/. Афганистанаас гарахдаа үлдээсэн АНУ-ын цэргүүдийн зэвсгийг Пакистаны эрх баригчид худалдан авна гэх мэдээллийг “Талибан” хөдөлгөөн няцаажээ.
"Пакистан улс Афганистанаас зэвсэг худалдаж авна гэх мэдээлэл Пакистаны “Dawn” сонинд өчигдөр /лхагва гараг/ гарсан. Улсын хилийг хамгаалах үүрэгтэй “Афганистаны Исламын Эмирт улс”-ын /талибуудын ашигладаг улсын нэр/ Дотоод хэргийн яам ийм мэдээллийг няцааж байгаа бөгөөд суртал ухуулга гэж үзэж байна" гэж Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон Саид Хости твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"Бид өөрсдөө шинэ арми байгуулж байгаа бөгөөд шинэ зэвсэг хэрэгтэй байна. Дотоод хэргийн яам зэвсгийн хууль бус наймаанд маш нухацтай хандаж байгаа бөгөөд ийм үйлдлийг хатуу зогсоох болно" гэж “Талибан”-ы төлөөлөгч нэмж дурджээ.
Пакистаны эрх баригчид АНУ-ын цэргийг Афганистанаас гарах явцад үлдсэн 200 мянган нэгж зэвсгийг талибуудаас худалдаж авна гэж “Dawn” сонин Пакистаны парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны энэ долоо хоногт болсон хуралдааны шийдвэрээс эш татан мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, Пакистаны эрх баригчид Афганистанд үлдсэн Америкийн зэвсэг хэт давруу үзэлтнүүдийн "Техрик-и-Талибан Пакистан" бүлэглэл /Пакистаны талибуудын хөдөлгөөн/ болон нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй бусад террорист байгууллагын гарт орохыг хүсэхгүй байгаа аж.