Хятад улс дуунаас хурдан зэвсэг туршсан гэх мэдээллийг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /TASS/. Хятад улс энэ оны наймдугаар сард дуунаас хурдан зэвсэг туршсан тухай хэвлэлүүдэд гарсан мэдээллийг няцаажээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижяний мэдэгдсэнээр, тус улс наймдугаар сард шинэ төрлийн зэвсэг бус харин сансрын аппарат туршсан байна. Туршилтыг сансрын хөлгийг дахин ашиглах технологийг шалгах зорилгоор явуулжээ.
Энэхүү технологи нь хүн төрөлхтний сансрын судалгааны зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой тул дэлхийн шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтой гэж дипломатч хэлсэн байна. "Бусад олон улс орон, компаниуд ч мөн ийм төхөөрөмжүүдийг аль хэдийн туршиж үзсэн. Шатсан хөлгийн хэлтэрхийнүүд далайд унасан" гэж Жао Лижян нэмж хэлжээ.
Хятад улс наймдугаар сард цөмийн зэвсэг тээх чадалтай дуунаас хурдан нисдэг аппартыг зөөгч пуужингаар хөөргөсөн гэж Их Британийн “Financial Times” сонин 10 дугаар сарын 16 -нд мэдээлсэн байна. АНУ болон Азийн хэд хэдэн орны засгийн газрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэхүү төхөөрөмж нь бага тойрог замаар дэлхийг тойрон ниссэн боловч байдаа тусаж чадалгүй хажуугаар нь хэдэн арван километрийн зайтай өнгөрчээ. Дуунаас хурдан зэвсэг бүтээхэд БНХАУ ихээхэн амжилт олж байгааг харуулсан учир туршилт Пентагонд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэж “Financial Times” сонинд онцлон тэмдэглэсэн байна.