Агаараар тээвэрлэсэн ачаа 2.3 мянган тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 11:22:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ оны эхний 7 сард агаараар 2.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 710.5 (44.4 хувь) тонноор нэмэгджээ.


Агаараар мөн хугацаанд дотоодод 8.8 (0.4 хувь) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.2 (81.3 хувь) тонноор багассан байна. 


Харин олон улсад тээсэн ачаа 2.3 (99.6 хувь) мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 748.7 (48.2 хувь) тонноор нэмэгдлээ. Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны долоодугаар сард 370.8 тонн болж, өмнөх сарынхаас 18.7 (5.3 хувь) тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 7 сард 70.2 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 259.3 (78.7 хувь) мянган хүнээр багаслаа. Агаарын тээврээр зорчигчид энэ оны 7 дугаар сард 12 мянга болж, өмнөх сарынхаас 3.7 (23.6 хувь) мянган хүнээр багассан аж.


Мөн агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 7 сард 41.9 (59.7 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 145.5 (77.6 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Мөрөн чиглэлийн зорчигч 97.3, Улаангом чиглэлийн зорчигч 90.9, Улиастай чиглэлийн зорчигч 89 хувиар багассан нь нөлөөлжээ. Агаарын тээврээр олон улсад зорчигчид дээрх хугацаанд 28.3 (40.3 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 113.8 (80.1 хувь) мянган хүнээр багаслаа.


Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний долоон сард 89.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.1 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Энэ орлого 2021 оны долоодугаар сард өмнөх сарынхаас 1.1 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, 17.4 тэрбум төгрөг болсон аж.

Связанные новости