Б.Барсболд: Аялал жуулчлалыг шууд нислэгтэй зах зээл рүү эхэлж төвлөрүүлэх нь оновчтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цар тахал ба аялал жуучлал" сэдвээр аялал жуулчлалын салбарынхан өчигдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлэв. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Аялал жуулчлалын холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэг "Аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага", "Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх", "Цар тахлын дараах гадаад сурталчилгаа" гэсэн үндсэн 3 чиглэлээр болж салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчдийн хамт санал солилцлоо.
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд "Ковидын үеийн Аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага" сэдвээр мэдээлэхдээ, КОВИД-19-ийн өмнөх жил 2019 он нь аялал жуулчлалын оргил үе байж, дэлхийд 1.4 тэрбум хүн аялж, 9.2 их наяд ам.долларын орлого олж, дэлхийн ДНБ-ийн 10.4 хувийг эзэлсэн эдийн засгийн том салбар болж байв. Харин 2020 оноос халдварын цар тахал эхэлснээр орлого буурч зогсонги байдал орсон.
Б.Барсболд: Вакцинд бүрэн хамрагдаж, эдийн засаг сэргэж буй улс орон руу аялал жуулчлалыг чиглүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн хэмжээнд нийт аялагчдын тоо 73 хувь, Ази, Номхон далайн бүсэд 84 хувиар буурчээ. Энэ оны тухайд вакцинжуулалт эхэлснээр өөдрөг байсан боловч коронавирусний шинэ төрөл, хувилбарууд гарч ирснээр халдвар буурахгүй байх тогтворгүй, тодорхойгүй байдал дахин бий болж, ер нь аялал жуулчлалы салбар 2024 он хүртэл хямралаас гарахгүй нь гэсэн судалгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргаад буйг дурдаж байв. Олон улсад аялал жуулчлалыг сэргээхийн тулд:
- Жуулчдыг татах итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгох ажлыг хийж байна.
- маркетинг, сурталчилгааны цогц төлөвлөгөөг нэгдсэн журмаар боловсруулан гаргаж байна. тус тусдаа өөр өөр байлаар бус.
- шууд нислэгтэй зах зээл бүхий бүсэд төвлөрүүлэх хандлагатай байна. Энэ нь манай улсад ихээхэн хамааралтайг тэрээр тодотгож байв.
Манай улсын аялал жуулчлал БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, АНУ гэсэн 5 улс руу чиглэж байна. Халдварын цар тахлын эсрэг хийсэн вакцинжуулалтаар тооцон авч үзвэл хүн амынхаа дийлэнхийг дархлаажуулсан, эдийн засгийн өсөлт ажиглагдаж буй АНУ, БНХАУ-ын жуулчид руу хандах хэрэгтэй байгааг онцолж байв. Аялал жуулчлалын салбарт зочид буудлаас эхлээд үндэсний брэнд үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл гээд хоол унд зэрэг үйлчилгээний олон зах зээл хамааралтай байдаг учир аялал жуучлал өөрөө хөгжсөнөөр бусад олон салбарыг сэргээх учиг болдогийг тэрээр тэмдэглэж байв.
Ер нь коронавируснаас хамааралтай хямрал үргэлжилсээр буй өнөөгийн нөхцөлд (ирэх 2-3 жилд ч тэр) улс орнуудад хот суурин газар руу гэхээсээ илүү алс хязгаар бүс нутаг руу, хөрш зэргэлдээ улс орнууд руу болон дотоод руугаа чиглэсэн эко болон адалт явдалт гэсэн чиглэлээр аялал жуулчлал хөгжинө.
Эхний ээлжинд дотоодын аялал жуулчлал сэргэлт авна гэсэн судалгаа төлөв гарчээ.
Хэлбэрийн тухайд олноороо гэхээсээ илүү, гэр бүлийн болон найз нөхдийн хүрээний, жижиг группийн аялал жуулчлал хөгжинө гэсэн төлөвтэй байна. Мэдээлэл, технологийн хөгжил дэвшил аялал жуулчлалын салбарт онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. Тодруулбал, IT нь контактгүй буюу захиалга өгөхөөс эхлээд цахим систем нь аялал жуулчлалын салбарт шинэ норм нормативийг тогтооно гэсэн судалгаа гарчээ. Энэ бүхнийг тооцон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх төлөвлөлтөө хийхийг онцоллоо.
Хэлэлцүүлгээр "Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх талаар, одоо үүсээд байгаа нөхцөл байдал"-ын талаар Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр танилцуулсан юм. Тэрээр одоогийн байдлаар манай улс коронавирусний халдварын дельта хувилбар илэрсэн, голомтлон гарсан улсаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлаж буйг тэмдэглээд гэхдээ ийм улс орны жагсаалт нь одоохондоо гараагүй байгааг хэллээ.
Хилээр нэвтэрч болох гадаад улс орны жуулчдын тухайд Энэтхэг болон Их Британи улсаас ирж байгаа иргэдийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж, бусад улсын жуулчдыг бол түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ аваад оруулна гэсэн хариултыг МХЕГ-аас аваад байгаа гэв. Энэ бол нэг талдаа таатай мэдээлэл. Нөхцөл байдлаас шалтгаалж дүрэм журам өөрчлөгдөхгүй 8, 9 дүгээр сард энэ журмаар явах юм бол ААН-үүд маань тодорхой хэмжээний жуулчдаа хүлээж авах итгэл төрж байгаа гэв.
Хэлэлцүүлгийн үеэр аялагчдаас дотоодын аялал жуулчлал ирэх жилүүдэд хөгжинө гэсэн ирээдүй харагдахгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байв. Учир нь Хөвсгөл зэрэг байнгын аяллын маршрутыг эс тооцвол говь, алтай зэрэг бусад бүсийн аялал жуулчлалын бүсэд стандартын бие засах боловсон ОО, халуун ус, хог хаях нэгдсэн цэг ч байхгүй байсаар байгааг хэлж байв. Нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол монголчууд гэр бүлээрээ дотооддоо дахиж аялахад сэтгэл ханамжтай сэтгэгдэл байхгүй, энд тэнд очсон зурагнаас өөр юм үлдэхгүй нь гэж байв.