Алтны ханш 1.2 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтны ханш олон улсын зах зээлд сүүлийн дөрвөн 7 хоног дараалан өсөж, өнгөрсөн 7 хоногт 1.2 хувиар нэмэгдээд байна. 7 дугаар сарын 16-нд нэг унци алтны ханш 1824 ам.долларт хүрчээ. Мөн фьючерс ханш нь 1830 ам.доллар болжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл тус улс эдийн засгаа дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь үүнд нөлөөлсөн тухай “Reuters” уламжлав.
Хэдийгээр томоохон худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд таамагласнаас бага хувиар өссөн ч үнэт металлын ханшинд төдийлөн нөлөөлөөгүй байна.
Манай улсын УУХҮЯ-ны мэдээллээр Монголбанкны худалдан авсан үнэт металл 9.295.7 кг байж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.8 хувиар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед Төвбанк 11.035.3 кг алт худалдан аваад байв.
Д.Урансолонго