Чех улс ОХУ-аас Врбетицад болсон дэлбэрэлтийн хохирлыг нөхөн төлөхийг шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-29 10:46:12

ПРАГА. /RIA Novosti/. 2014 онд Чехийн Врбетица тогсон дахь зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтээс учирсан хохирлыг бүрэн барагдуулахыг Прага Москвагаас шаарджээ.


Чехийн Гадаад хэргийн дэд сайд Мартин Смолек холбогдох ноот бичгийг Прагад суугаа ОХУ-ын Элчин сайдад хүргүүлсэн байна. Дэлбэрэлтээс учирсан хохирлын хэмжээг Чехийн эрх баригчид 650 сая крон буюу 25.5 сая евро (2.2 орчим тэрбум рубль) гэж тооцоолжээ.


Дэд сайд мөн Чехийг найрсаг бус улсуудын жагсаалтад оруулсантай холбоотойгоор Москваг олон улсын хуулийг зөрчсөн гэж буруутгасан байна.


“Mlada fronta Dnes” сонинд мэдээлж буйгаар, Чехийн Гадаад хэргийн яам мөн Врбетицад болсон дэлбэрэлтийн нөхөн төлбөрийг хуваах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, 350 сая кроныг дэлбэрэлт болсон суурингийн удирдлагуудад, үлдсэн 300 саяыг нь Врбетица тосгон болон түүний ойролцоох суурин газрын оршин суугчдад төлөх аж. 


Чехийн эрх баригчид Врбетица тосгон дахь зэвсгийн агуулахад 2014 онд болсон дэлбэрэлтэд Оросын тусгай албаныхан холбоотой гэж энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Чехийн тал ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 18 ажилтныг нутаг буцааж, ОХУ-ын эрх баригчид хариуд нь Москва дахь Чехийн ЭСЯ-ны 20 ажилтныг “персона нон грата” /“үл таашаагдах этгээд” дипломат хэллэг/ гэж зарласан юм.


Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сард Кремль Чех улсыг АНУ-ын хамтаар найрсаг бус улсуудын жагсаалтад оруулжээ.


ОХУ Врбетица тосгон дахь зэвсэг агуулахад болсон дэлбэрэлтэд буруутгасныг утгагүй, үндэслэлгүй гэж нэрлээд барууныхны Москвагийн эсрэг явуулж буй өргөн цар хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.


Связанные новости