ОУОХ Токиогийн Олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /NHK/.
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын наадамд оролцох 29 тамирчны
бүрэлдэхүүн бүхий дүрвэгсдийн багийг танилцуулав.
ОУОХ-ны тэргүүн Томас
Бах мягмар гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан энэхүү
баг нь 19 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчнаас бүрдэнэ.
Тодруулбал,
тэдний ес нь Сири, тав нь Иран, дөрөв нь Өмнөд Судан, гурав нь Афганистан
гаралтай хүмүүс байна. Спортын төрлөөр нь авч үзвэл, хамгийн олон буюу долоо
нь хөнгөн атлетик, зургаа нь жүдо, гурав нь таеквондогийн тамирчид ажээ.
Мөн Бүгд Найрамдах
Ардчилсан Конго Улсын жүдоч Пополе Мисенга тэргүүтэй дүрвэгсдийн багийн зургаан
тамирчин хоёр дахь зуны Олимпдоо дараалан оролцох гэж байна.
Т.Бахын
мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс дүрвэгч тамирчид наадамд оролцох нь эв санааны нэгдэл, тэсвэр тэвчээр, итгэл найдварыг агуулсан хүчтэй “илгээлтийг” дэлхий
дахинд хүргэнэ.
Дүрвэгсдийн баг ирэх долоодугаар сарын 12-нд Катарт цуглаж, түүнээс хоёр өдрийн дараа Японыг зорих төлөвтэй байна. Токио хот дахь “Waseda” их сургууль тус багийг байрлах газар, бэлтгэлийн байраар хангахаар болжээ.
ОУОХ 2016 онд Бразилын
Рио-де-Жанейро хотноо болсон наадмын үеэр 10 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн анхны багийг бүрдүүлж байсан юм. Түүнээс хойш тус байгууллага дүрвэгч
тамирчдын бэлтгэлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр бий болгожээ. Одоо уг хөтөлбөрт 56 тамирчин хамрагдаж байна.