Армени, Азербайжаны хилийг тогтоох асуудлаар яриа хэлэлцээ хийхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-18 14:36:35

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Армени, Азербайжаны хилийг тогтоох асуудлаар хэлэлцээ хийхийг уриалжээ.


Тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашинян, Азербайжены Ерөнхийлөгч Ильхам Алиев нартай даваа гарагт утсаар ярихдаа ийнхүү уриалсан байна. 


Тэрбээр Армени, Азербайжаны хоорондох хурцадмал байдал саяхан даамжирсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд хил тогтоогоогүй байгаа бүсийн ойролцоо цэргийн хөдөлгөөн ажиглагдсаныг хариуцлагагүй өдөөн хатгасан үйлдэл болохыг цохон тэмдэглэжээ. Энэ асуудлыг тайван замаар шийдвэрлэх хоёр удирдагчийн амлалт болон хоёр талын хооронд хэлэлцээ үргэлжилж байгааг Салливан сайшаасан байна. Үүнээс гадна, тэрбээр хоёр улсын хилийн заагийг тогтоох асуудлыг албан ёсоор хэлэлцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. 


"Эцэст нь тэрбээр яриа хэлэлцээ хийх замаар, мөн Минскийн бүлгийн даргалагчийн хувиар талуудыг эвлэрүүлэх АНУ-ын бодлого хэвээр байгааг" мэдэгдсэн байна. 


Азербайжены цэргүүд тавдугаар сарын 12-ны өглөө Севлич нуурын орчмоор хил давж, Арменийн нутаг руу 3.5 км-ийн гүн нэвтэрсэн гэж Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашинян урьд нь мэдэгдсэн юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс Армени-Оросын хэлэлцээрийн дагуу цэргийн тусламж үзүүлэхийг хүсжээ.

Связанные новости