Гал зогсоосны дараа Израил руу пуужин харвасан гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-24 17:41:18

ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 24 /RIA Novosti/. Гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэний дараа Израил руу пуужин харвасан гэх мэдээллийг Ираны тал үгүйсгэжээ. Энэ тухай Ираны төрийн мэдлийн телевиз, радиогийн IRIB компани мэдэгдсэн байна.


"Гал зогсоосныг зарласны дараа Иранаас Израилын нутаг руу пуужин харвасан тухай мэдээлэл худал" гэж мэдэгдэлд дурдсан бол пуужин харваагүй болохыг Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб баталсан байна. 


Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл мөн гал зогсоох тохиролцоог Ираны тал даган мөрдөж байгааг баталсны сацуу Израилын аливаа түрэмгийлэлд хариу цохилт өгөхөд бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ. 


Израил, Ираны талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт шилжих шөнө мэдэгдсэн юм.  Түүний хэлснээр, уг тохиролцоо нь 24 цагийн дараа 12 хоног үргэлжилсэн дайныг зогсоох тухай албан ёсны шийдвэр болох ёстой. Ираны тал эхлээд гал зогсоосноос 12 цагийн дараа Израилын тал галаа зогсооно гэж тэрбээр хэлсэн байна. 


Хоёр тал гал зогсоосноо зарласны дараа Иранаас Израилын хойд нутаг руу пуужин харвасан гэж Израилын Kan телевиз өнөөдөр өглөө мэдээлжээ.

Связанные новости