Мөнгөний нийлүүлэлт 22,4 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 16:14:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4,6 (22,4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд валютын хадгаламж 0,7 (18,7 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 3,4 (31,5 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст 14,1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 47,2 (0,3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3,4 (31,5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Төгрөгийн хадгаламжийн 88,6 хувь (12,5 их наяд) нь иргэдийн, 11,4 хувь (1,6 их наяд) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байлаа.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 1,3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 69,7 (5,2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 132,2 (11,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7,3 хувийг эзэлж, өмнөх оныхоос 0,6 пунктээр нэмэгдсэн байна.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны 3 дугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 3,4 (0,2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 187,8 (10,2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11,5 хувийг эзэлж, өмнөх оныхоос 0,8 пунктээр нэмэгдсэн аж. 

Связанные новости