Жилинийн ХАА-н тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч нарт зориулан БНХАУ-ын Жилин мужийн Худалдааны танхимаас зохион байгуулж байгаа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр цахимаар нээгдлээ.
ХХААХҮЯ, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот дахь Монгол Улсын ерөнхий консулын газар, БНХАУ-ын Жилин мужийн Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд Жилин мужийн газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 62 аж ахуйн нэгж оролцож, тоног төхөөрөмжөө танилцуулж байгаа бол Монголын талаас 100 гаруй хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч оролцож байна.
Энэ нь хоёр орны хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг олгож буйг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нээлт дээр онцлов.
Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын Жилин мужийн Худалдааны танхим, МҮХҮАТ, ХААХХҮЯ-ны харьяа ЖДҮ-ийг дэмжих сан хамтран гурвалсан Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Үүгээр хоёр талын бизнес эрхлэгч нар БНХАУ-ын банкнаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
БНХАУ-ын Жилин муж нь манай улсын цагаан будаа, ХАА-н тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгч юм. Манай улсаас тус мужид бэлтгэсэн самрынхаа 80 гаруй хувийг гаргадаг. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр манай улс тус муж руу самрыг дундын зуучлагчгүйгээр экспортлох талаар мөн ярилцана. Учир нь тус мужийн ААН-үүдтэй шууд харилцаж олон улсын жишигт нийцсэн худалдааг явуулбал Монгол Улсад ашигтай байх нөхцөл бүрдэх аж. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэн 14 хоног болно.