Монгол Улсын эдийн засаг 4,3 хувиар өсөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-10 13:05:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна.


Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж, мөн вакцинжуулахын хэрээр 2020 оны эхний есөн сард 7,3 хувиар агшаад байсан эдийн засаг энэ онд 4,3 хувиар өсөх боломжтойг Дэлхийн Банкны Монгол Улсын эдийн засгийн тоймд дурджээ.  


Тайланд, цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн цочрол нь өргөн хүрээг хамарч, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, төлөв байдалд нөлөөлсөн гэжээ. Мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн бол зочид буудал, үзвэр үйлчилгээ зэрэг салбарт багасав. Албан бус салбарт ажилладаг, ур чадвар багатай ажиллагсад болоод ядуурлын шугамд ойр иргэд ядуурал руу гулсан орох эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.


“Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг сэргэх нь амаргүй тул олон сорилттой тулгарч болзошгүй. Монгол Улс нь цаашид богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэж Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. 


Дэлхийн Банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрийн өртөг нь ДНБ-ий 9 гаруй хувьтай тэнцэхээр байгааг тайланд дурджээ. Энэ оны төсвийг харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдалд чиглэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй ач холбогдолтой.


Тайланд, Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувиар өсөх боломжтойг дурдаад энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ.


Сүүлийн үед цар тахлын дэгдэлт дотоодод нэмэгдэж байгаа нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг нэмж байна. Эдийн засгийн төлөвт учирч болох эрсдэлд коронавирусний дэгдэлт даамжрах, банкуудын зээл, тэдгээрийн зохистой харьцаатай холбоотой дүрэм, журмын хөнгөлөлтийг цуцлахтай зэрэгцэн санхүүгийн салбарт эмзэг байдал хуримтлагдах, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой төсвийн зардал өсөх, улмаар төсөв, санхүүгийн ачаалал нэмэгдэх зэрэг эрсдэлийг дурджээ.


Хэдийгээр цар тахлын улмаас тодорхой бус байдал үүсэх ч өмнө давтагдаж байсан макро эдийн засгийн богино хугацааны өсөлт, уналтын мөчлөгөөс зайлсхийхийн тулд Монгол Улс төсвийн тогтвортой байдалд анхаарах нь зүйтэй гэжээ. Төгрөгийн нэрлэсэн ханшийг аль болох уян хатан байлгаж, эдийн засгийн цочролыг зөөлрүүлэх хэрэгсэл болгон ашиглахад чиглүүлэх шаардлагатай. Энэ нь бага ч гэсэн бодлогын орон зайг хадгалахад туслах юм.


Вакцинжуулалт нь цар тахлыг хянан тогтоон барихад нэмэр болж, бодлого боловсруулагчдыг дунд хугацааны суурь асуудалд анхаарлаа хандуулах боломж олгох юм.  


Монгол Улс банкны салбарт хийх бүтцийн шинэчлэлээ эрчимжүүлэх хүрээнд хөрөнгийн хүрэлцээг бэхжүүлэх, банкуудын засаглалыг сайжруулах, зээлийн хөнгөлөлт, журмын нөхцөл түдгэлзүүлэх арга хэмжээгээ үе шаттай зогсоох зэрэг болно гэжээ. Дээрх шинэчлэлд банкны тухай хуулийн өөрчлөлт чухал алхам болсон. Цаашид банкны хяналт шалгалттай холбоотой төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, чанаргүй зээлийн асуудлыг шийдэх нь чухлыг тайланд сануулжээ.

Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатайг тайланд зөвлөв.


Энэ хүрээнд өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгож, иргэдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдүүлэх үүднээс уул уурхай, бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах зэргийг дурдаж болно. Мөн илүү үр дүнтэй, зорилтот дэд бүтэц рүү чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, үр ашиг өндөр, зардал багатай нийгмийн хамгааллын системээр хавсрах нь чухал гэдгийг онцоллоо.

Связанные новости