Өмнөд Африк “AstraZeneca”-гийн вакциныг тарьж эхлэх хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-08 10:29:26

ПРЕТОРИА. /BBC/. Өмнөд Африк Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн вакцин улс оронд нь анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг “сул” үр дүн үзүүлсэн тул уг вакциныг тарьж эхлэх хугацааг хойшлуулжээ.


Судлаачдын мэдээлж буйгаар, Өмнөд Африкт шинээр илэрч буй халдварын тохиолдлуудын 90 хувь нь шинэ хувилбараар халдварласан байгаа юм.


AstraZeneca” компанийн вакцины туршилтад 2000 орчим хүнийг хамруулахад вакцины уг хувилбараас хамгаалах үзүүлэлт сул байгааг тогтоосон байна.


Өмнөд Африк “AstraZeneca”-гийн вакцинаас нэг сая тунг хүлээн аваад байгаа бөгөөд ирэх долоо хоногоос вакцинжуулалтаа эхлүүлэхээр товлоод байжээ.


“Засгийн газар “AstraZeneca”-гийн вакцины талаар нэмэлт мэдээлэл ирэх хүртэл хүлээхээр шийдвэрлэсэн” гэж Эрүүл мэндийн сайд Звели Мхизе ням гарагт мэдэгджээ.


Өмнөд Африкийн Витватерсрандын их сургуульд дээрх туршилтыг явуулсан бөгөөд энэхүү судалгаанд шинжээчид хараахан дүгнэлт хийгээгүй байна.


З.Мхизегийн мэдээлснээр, Засгийн газар “Johnson & Johnson”, “Pfizer” компанийн вакцинуудыг ойрын хэдэн долоо хоногоос санал болгож эхлэх ажээ.


Ташрамд дурдахад, “Moderna ”-гийн вакцин Өмнөд Африкийн хувилбарын эсрэг үйлчлэл үзүүлж байгааг эхний үе шатны үр дүнгүүд харуулж байгаа бол “AstraZeneca”-гийн вакцин Их Британид анх илэрсэн хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлээд байгаа юм. Мөн “Pfizer-BioNTech”-ийн вакцин шинэ хувилбаруудаас хамгаалж буй нь эхний судалгаануудаас харагджээ. 

Связанные новости