Мьянмарт вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-05 14:50:31

ЯНГОН. /Xinhua/. Мьянмарт “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг баасан гаргаас орон даяар үргэлжлүүлж эхэллээ гэж тус улсын Эрүүл мэнд, спортын яам мэдээлжээ.


Мьянмарт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, сайн дурынхныг оролцуулсан 103 142 хүнийг вакцинжуулж эхэлсэн юм.


Эрүүл мэнд, спортын яамны мэдээлснээр, баасан гаргаас сайд, дэд сайд нар, Засгийн газрын албан тушаалтнууд, гэртээ байх журам хэрэгжиж буй хотуудад оршин сууж буй 65-аас дээш насны иргэд, сайд, дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс, бүс нутаг, мужийн засаг захиргааны гишүүдийг дархлаажуулж эхэлжээ.  


"Мьянмар “Covishield” вакцины эхний хэсэг болох 1.5 сая тунг хүлээн аваад байгаа бөгөөд уг вакцинаас 30 сая тунг удахгүй нийлүүлэн авна” гэж яамны мэдэгдэлд дурджээ. Тус яам энэ жилдээ багтаан 18-аас дээш насны 38.85 сая орчим иргэнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Мьянмарт пүрэв гаргийн байдлаар “COVID-19” халдварын 141 104 тохиолдол бүртгэгдэж, 3163 хүн нас баржээ. Тус улсад халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд бүртгэгдсэнээс хойш 2.43 сая гаруй коронавирусний шинжилгээ хийсэн байна. 

Связанные новости