2021 оныг "Технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил"-ээр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам,
тээврийн хөгжлийн сайдын энэ оны анхны шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо.
Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн онд хийсэн ажил, авсан арга хэмжээ, энэ онд шийдвэрлэх, гүйцэтгэх зүйлийн талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагын удирдлагууд танилцуулав.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оныг Зам, тээврийн салбарт “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлаж буйг мэдэгдлээ. Тэрээр, зам, тээврийн салбарт:
- олон улсын
стандартад нийцсэн, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн
дэвшилтэт, шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх,
- цахим шилжилт, “Зам, тээврийн салбарын
үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”,
- “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх
үндэсний хөтөлбөр”,
- “Улаанбаатар төмөр замын цахим шилжилт-2025”
хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
- салбарын байгууллагуудын чадавхийг бэхжүүлж,
байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, харьяа газрууд
албан бичгийг цаасгүй, цахим хэлбэрээр явуулах чиглэл өгөв.