Трамп Вашингтонд онц байдал тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс Вашингтонд онцгой байдал тогтоолоо гэж Цагаан ордон мэдээлэв.
Өмнө нь Америкийн нийслэлийн эрх баригчид өөрсдийн санаачилгаар онц байдлын дэглэмийг нэвтрүүлж, шаардлага гарсан үед аюулгүй байдлыг хангахад Холбооны улсын туслалцаа авахын тулд Трампаас мөн онц байдал тогтоохыг хүсжээ.
“Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Колумбын тойрогт онц байдал тогтоож, 59 дэх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотойгоор үүссэн онцгой байдлын улмаас Холбооны улсын тусламжийг нийслэлийн эрх баригчдад илгээхийг үүрэг болголоо" гэж Цагаан ордон мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн байна.
Трампын засаг захиргаанаас мэдээлснээр, төрийн тэргүүний энэхүү шийдвэр нь Дотоодын аюулгүй байдлын газар болон Холбооны улсын Онцгой байдлын газарт "онцгой байдлын улмаас хүн амд учирч болзошгүй бэрхшээлийг арилгах зорилгоор гамшгийн эсрэг бүх ажлыг уялдуулж, зохих туслалцааг үзүүлэх боломжийг олгох аж”.
Энэ долоо хоногоос эхлэн АНУ-ын бүх 50 муж улс болон Вашингтоны Капитолын толгодын ойролцоо зэвсэгт жагсаал хийхээр төлөвлөж байна гэж “ABC News” сувгийн сэтгүүлч Аарон Катерский өмнө нь Холбооны мөрдөх товчооны дотоод баримт бичгээс иш татан мэдээлжээ. Түүний мэдээлснээр, Америкийн нийслэл хотод эсэргүүцлийн ажиллагаа Байдены тангараг өргөх өдөр болох нэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх гэнэ.
Нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд болсон жагсаалын үеэр Дональд Трамп дэмжигчдэдээ хандан Капитолд очиж, "сул дорой бүгд найрамдахчуудад сонгуулийн дүнг эсэргүүцэхэд нь туслахыг" уриалсан юм. Жагсагчид Капитолийн ордон руу дайран орж, Конгрессын хамтарсан хуралдааныг тасалдуулсан билээ. Эмх замбараагүй байдлын үеэр таван хүн амиа алджээ.