"Булган ундрага", "Мик холдинг"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар 36 ХК-ийн 524,564,485.33 төгрөгийн үнийн дүн бүхий 4.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Булган ундрага" (BUN+15.00%) болон "Мик холдинг" ХК (MIK+12.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-12.20%) болон "Айтүүлс" ХК (ITLS-9.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20.657 нэгж эрхийг нийт 2.1 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд нийт 21.2 сая үнэт цаасыг 925,325,330 төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 1.18 хувиар өсөж, 18828.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,957,678,933,714.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Ташрамд мэдээлэхэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК нь энэ оны 12 дугаар сарын 23-наас эхлэн зайнаас ажиллах горимд шилжин, үнэт цаасны арилжаа хэвийн явагдаж байна. Бүрэн зайнаас ажиллаж байгаатай холбогдуулан албан байгууллагууд болон иргэдээс ирүүлэх албан тоот, захидлуудыг doc@mse.mn цахим хаягаар хүлээн авч байна. Мөн мэдээлэл авах иргэд https://www.facebook.com/mongolianstockexchange хуудсаар холбогдох юм.