Аргентины Ерөнхийлөгч вакцин нийлүүлж байгаад В.Путинд талархал илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-25 12:59:57

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес ОХУ-ын удирдагч Владимир Путинд коронавирусний вакцин нийлүүлж байгаад талархал илэрхийлэв.


“Аргентин улс “COVID-19”-ийн вакцинтай боллоо. "Спутник V” вакциныг бүтээгчдэд болон Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Итгэл найдварын зам нээгдэж байгаа боловч цар тахал хараахан дуусаагүй байна. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой " гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.


Аргентины Эрүүл мэндийн яам Оросын "Спутник V” вакциныг хэрэглэхийг лхагва гарагт зөвшөөрсөн байна. Тус яам Эм, хүнс, технологийн хяналтын газрынхаа зөвлөмжид үндэслэн холбогдох шийдвэрийг гаргажээ. “Спутник V” вакцины эхний багц болох 300 мянган тунг ачсан онгоц Буэнос-Айресын нисэх онгоцны буудалд пүрэв гарагт газардсан байна.


Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Аргентины Засгийн газартай 10 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Оросын вакцины үр дүнд эргэлзэхгүй байгаа тул хамгийн түрүүнд вакцин хийлгэнэ гэдгээ Аргентины Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.


Связанные новости