АНУ-ын Конгресс 2021 оны төсөв болон эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 2021 оны төсөв болон улс орныхоо эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг баталжээ.
Одоо эдгээр баримт бичигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ёстой юм. Гэвч тэрбээр гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдэж, төсөв болон эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг өөрчлөхийг уриалжээ. "900 тэрбум ам.долларын багцад шаргуу хөдөлмөрлөж буй татвар төлөгчдөд ердөө 600 ам.доллар хуваарилсан бол жижиг бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг хангалтгүй байна. Конгресс бусад улс оронд туслахад маш их харин америкчуудад бага мөнгө зарцуулж байна. Энэ бол тэдний буруу биш энэ бол Хятадын буруу" гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. "Би уг баримт бичгийг өөрчилж, 600 ам.долларыг 2000 ам.доллар эсвэл нэг гэр бүлд 4000 ам.доллар болгож нэмэгдүүлэхийг Конгрессоос хүсэж байна. Шаардлагагүй заалтуудыг хуулийн төслөөс нэн даруй хасаж, зохих текстийг надад илгээхийг хүсэж байна" гэж Трамп нэмж хэлжээ.
Өнгөрөгч ням гарагт Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд хэдэн сарын турш үргэлжилсэн санал зөрөлдөөнөө арилгаж, эдийн засгаа дэмжих 900 тэрбум орчим ам.долларын шинэ багц арга хэмжээний талаар тохиролцоонд хүрсэн юм. Энэхүү санаачилга нь 10 дугаар сарын 1-нд эхэлсэн 2021 оны санхүүгийн жилд Засгийн газрыг санхүүжүүлэх тухай багц хуулийн төслийг 1.4 их наяд орчим ам.доллароор нэмэгдүүлсэн байна.
Үүний өмнө хоёр танхим цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх хамгийн сүүлийн багц хөтөлбөрийг дөрөвдүгээр сард баталсан юм. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн олон заалтын хугацаа дуусаад байгаа аж. Хууль тогтоогчдын тохиролцсон багц хөтөлбөрт гуравдугаар сарын дунд үе хүртэл долоо хоног бүр ажилгүйдлийн тэтгэмжид 300 ам.доллар нэмж олгох, мөн хэд хэдэн ангилалд хамаарах иргэдэд 600 ам.доллар олгох, бизнес, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийг, мөн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа түрээслэгчдийг дэмжих арга хэмжээнүүдийг тусгасан байна. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор төсвөөс 325 тэрбум ам.доллар, агаарын тээврийн компаниудад 15 тэрбум ам.доллар гаргахаар болжээ.
Үүнээс гадна, “COVID-19”-ийн вакциныг тараах, хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулах, халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг илрүүлэх ажилд 69 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.