Карабахад гал зогсоох дэглэмийг хянахад Турк оролцоно гэдгийг Эрдоган мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-11 11:39:42

АНКАРА. /RIA Novosti/. Турк улс Азербайжан дахь хамтарсан төвийн хүрээнд Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог хянах үйл ажиллагаанд оролцоно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдэгджээ.


“Ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар хэлэлцээ хийлээ. Тэрбээр Уулын Карабах дахь нөхцөл байдлыг тайван замаар зохицуулах замд зөв алхам хийснийг онцлон тэмдэглэв. Турк улс ОХУ-тай хамтран Арменийн эзлэлтээс чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр дээр Азербайжаны тогтоосон газарт байгуулах хамтарсан төвийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох дэглэмийг ажиглаж, хяналт тавьж ажиллана гэдгийг Эрдоган мэдэгдсэн” гэж тус улсын төрийн тэргүүний засаг захиргааны мэдээлэлд дурдсан байна.


Тэрбээр мөн Гал зогсоох хэлэлцээр нь “Турк, ОХУ-ын хамтдаа оруулсан чухал хувь нэмэр бөгөөд бүс нутагт шударгаар бат бөх энх тайван тогтооход энэ боломжийг ашиглах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Үүний сацуу ОХУ-ын Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, Уулын Карабахад энхийг сахиулах үйл ажиллагаанд Анкарагийн гүйцэтгэх үүрэг нь гал зогсоох тохиролцоог хянах хоёр талын төвийн хүрээнд хязгаарлагдах аж.


ОХУ, Армени, Азербайжаны удирдагчид Уулын Карабахад гал зогсоох тухай хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний танилцуулсан уг мэдэгдэлд дурдсанаар, 11 дүгээр сарын 10-наас эхлэн Уулын Карабахад бүрэн гал зогсоож, Азербайжан, Армени эзэлж авсан байрлалууддаа үлдэж, давшилт хийхгүй, мөн олзлогдсон цэргүүдийг солилцох ёстой байна.


Үүнээс гадна, Карабахад Оросын энхийг сахиулагчдыг байрлуулна. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян энэхүү хэлэлцээр нь түүний хувьд туйлын хүнд шийдвэр байсныг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Харин Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев баримт бичигт гарын үсэг зурсныг Арменийн хийсэн буулт хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр уг гэрээ Бакуд хамгийн ашигтай бөгөөд одоо цэргийн ажиллагааны үе шат дуусаж, улс төрийн асуудалд шилжих боломжтой болжээ.


Связанные новости