АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эсперийг огцруулсан тухайгаа Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 10:16:40

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний албан тушаалыг Үндэсний терроризмтой тэмцэх төвийн тэргүүн Кристофер Миллер хаших аж.


Ерөнхийлөгч Д.Трамп сонгуульд Ж.Байденд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа бөгөөд санал хураалтын дүнтэй холбоотой асуудлаар шүүхэд зарга мэдүүлэх бодолтой байгаа юм. Нэгдүгээр сарын 20-нд Ж.Байдены тангараг өргөх ёслол болохоос өмнө Д.Трамп бүрэн эрхт ерөнхийлөгч хэвээр байх юм.


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн терроризмын эсрэг төвийн тэргүүнээр томилогдохоосоо өмнө Миллер тусгай албанд ажиллаж байсан нэгэн юм.


Д.Трамп, М.Эспер нарын харилцааг юу сүйтгэв?

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглааны үеэр М.Эспер эмх замбараагүй байдал, дээрэм тонуул хийх явдлыг дарахын тулд цэргүүдийг оролцуулахгүй байхыг дэмжжээ.


Харин Д.Трамп африк гаралтай америк иргэдэд цагдаа нар хайхрамжгүй хандаж буйд дургүйцлээ илэрхийлсэн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг дарахын тулд армийг ашиглахаа хатуу сануулжээ. Олон газар иймэрхүү эсэргүүцэл тонуул дээрэм, хүчирхийлэл дагуулсан эмх замбараагүй байдал болон хувирсан юм.


Эсэргүүцэгчдийг тараахын тулд цэргүүдийг дайчлах шаардлага байхгүй гэдгийг М.Эспер 6 дугаар сард мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Умард Атлантын эвслийн асуудлаарх холбоотнуудтай харилцах ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй аж.


Үүний дараагаас Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухайг мэдэгдсэн Д.Трамп ямар учраас ийм шийдвэр гаргасныг хэлээгүй байна.


М.Эсперээс өмнө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Жеймс Мэттис 2018 онд албан тушаалаа орхисон юм. Тэрбээр Сирийн асуудлаар ерөнхийлөгчтэй санал зөрөлдөөнтэй байжээ. Америкчуудыг нэгтгэх бус хагаралдуулахыг зорьдог анхны ерөнхийлөгч бол Д.Трамп юм хэмээн Ж.Мэттис 6 дугаар сард мэдэгдэж байсан аж. 

Связанные новости