Францын барааг худалдан авахгүй байхыг Эрдоган туркуудад уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-27 10:52:21

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Францын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэддээ уриалсан байна.


"Францад "Туркийн барааг битгий худалдаж ав" гэж хэлж байна. Би ч мөн үндэстэндээ хандаж, Францын барааг битгий худалдаж аваарай гэж уриалж байна" гэж тэрбээр Анкарад үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


Эрдоган 10 дугаар сарын 24-нд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг “сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Парисын захад гарсан хэрэгтэй холбогдуулан Францын удирдагчийн хийсэн лалын шашны талаарх мэдэгдлийн хариуд ийм мэдэгдэл хийсэн байна. 18 настай, лалын шашинт залуу шашны үзэн ядалтаар сургуулийн түүх, газарзүйн багшийг хөнөөсөн хэрэг Францад 10 дугаар сарын 16-нд гарсан билээ. Энэ хэргийн дараа Макрон "лалын радикал үзлийг тээгчид болон тэдний байгуулсан холбоодтой Францын эрх баригчид идэвхтэй тэмцэнэ" гэж анхааруулсан юм. 


Харин Эрдоган түүнийг “өөр шашин шүтлэгтэй олон сая иргэндээ ялгавартай ханддагаа" харууллаа гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Берлин дэх сүм хийдүүдэд нэгжлэг хийснийг "исламофоби буюу лалын шашинтнуудаас эмээх үзлийн илрэл" гэж нэрлээд “лалын шашны эсрэг дайсагналын ийм илрэл бүр Турктэй дайсагналцаж байгаагийн нэг илрэл гэдгийг санаж байхыг" уриалжээ. Эрдоганы хэлснээр, "лалын шашинтнуудын эсрэг ийм гэмт хэрэг нь Европын фашизм шинэ шатанд шилжсэний нотолгоо аж".


Макроны мэдэгдэл лалын шашинт улсуудын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, шашны, олон нийтийн, улс төрийн янз бүрийн байгууллага, зүтгэлтнүүд Францын бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалахад хүргэжээ.


Связанные новости