БНХАУ Америкийн гурван компанид хориг тавих төлөвлөгөөгөө зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-26 17:08:54

БЭЭЖИН. /TASS/. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсний хариуд БНХАУ тус улсын гурван компанид хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.  Хоригийн жагсаалтад “Lockheed Martin”, “Boeing Defense” болон “Raytheon” компани орсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ албан ёсны төлөөлөгч Жао Лизянь даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 


"Бид олон улсын ашиг сонирхлоо хамгаалахын тулд зохих арга хэмжээ авахаар шийдсэн. Энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын компаниудад хориг арга хэмжээ авна" гэж тэрбээр хэлсэн байна.


"Тайваньд Америкийн зэвсгийг нийлүүлэх нь “нэг Хятад” зарчмыг ноцтойгоор алдагдуулж, БНХАУ-ын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчиж байна. Бид энэ талаар хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж, ийм үйлдлийг буруушааж байна" гэж дипломатч нэмж хэлэв.


Үүний зэрэгцээ тэрбээр “нэг Хятад” зарчмыг, мөн Хятад, Америкийн хамтран гаргасан гурван мэдэгдлийн заалтуудыг дагаж мөрдөж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоон, цэргийн харилцаагаа таслахыг АНУ-д уриалжээ. “Бид үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын салбар дахь ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна" гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.


Аравдугаар сарын 22-нд АНУ-ын Төрийн департамент Хятадын Тайваньд 1.8 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг баталсан юм. АНУ-ын Батлан ​​хамгаалахын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын агентлагийн өмнө нь гаргасан мэдээллээс үзвэл, зэвсэг худалдах гэрээнд “SLAM-ER” далавчит пуужингууд, зэрэг галлагч “HIMARS” тийрэлтэт систем, нисэх онгоцны их биед суурилуулдаг “MS-110” тагнуулын мэдрэгчүүд багтжээ.


Связанные новости