Мөнгөний бодлогын төслийг нээлттэй хэлэлцүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-09 15:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк УИХ-д өнгөрсөн сард өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө “Блю скай” зочид буудалд нээлттэй хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгөв. Мөн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайн “Уул уурхай ба урт хугацааны тогтвортой өсөлт” илтгэлийг Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн дараагийн хэсэг “Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого”, “Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин” сэдвээр үргэлжилж, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж, оны эхний хагаст 9,7 хувиар буураад байгаа дотоодын эдийн засгийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэл сэдвээр ярилцав. Тухайлбал, “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд холбогдох эр зүйн зохистой орчин бүрдүүлэх ажлыг төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй хийх шаардлага тулгарч байгааг хөндлөө. Эдгээрийг шийдэхтэй холбоотой зорилтууд ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байгаа юм.

“COVID-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг энэ оны эхний хагаст агшсан ч хоёрдугаар хагаст өсөх төсөөлөлтэй байгаа. Төв банкнаас бодлогын хүүгээ бууруулсан нь цар тахалтай холбоотой. Зээлийн багцыг нэмж, зээлийн хүү бууруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын хувьд төгрөг нь ам.долларын эсрэг 4,4 хувь суларсан нь тогтвортой үзүүлэлт юм. Гадаад өр, төлбөрийн нэлээд хэсгийг санхүүжүүлсэн мөн дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ өндөр байгаа нь экспортыг нэмэх, валютын ханшийг тогтвортой байлгах боломжтой”-г Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Монголбанк төв банкны нээлттэй ил тод байдлыг хангах, хариуцлагатай байдлыг хэрэгжүүлэх үүднээс энэ хэлэлцүүлгийг мэргэжлийн хүрээлэл төдийгүй олон нийтэд танилцуулах зорилгоор 2017 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 

Связанные новости