Ургац хураалт удаашрах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-05 21:11:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд төмсний 77.4, хүнсний ногооны 83.1, ногоон тэжээлийн 88.1, улаанбуудайн 3.6 хувийг хураагаад байна. Өнгөрөгч долоо хоногт газар тариалангийн бүс нутаг болох Хархорин суманд 10-15 см, Бүрд суманд 10-30 см зузаантай цас орсон нь ургац хураалтад сөргөөр нөлөөлж байгаа аж.

Аймгийн хэмжээнд 2020 оны хаврын тариалалтаар нийт 11362 га талбайд тариалалт хийсэн нь урд онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл 24 хувиар буурч, төмс 5 хувиар, хүнсний ногоо 10 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн 5 сард хур тунадас ороогүйгээс зарим аж ахуйн нэгжүүд улаанбуудайн тариалалт хийгээгүй, мөн зарим аж ахуйн нэгж өртэйн улмаас урьдчилгаа төлбөрт үрийн будаа авч чадалгүй, уриншилсан талбайдаа тосны ургамал тарьсан нь улаанбуудайн тариалалтыг бууруулжээ.

Хураалтын дүнг урьдчилсан байдлаар авч үзэхэд улаанбуудай 5247 га талбайд тариалалт хийснээс 6269 тонн, ногоон тэжээл 2363.5 га-аас 3546 тонн, төмс 413 га-аас 4132 тонн, хүнсний ногоо 257.5 га талбайгаас 2799 тонн ургац авах төлөвтэй байна.

 

Связанные новости