ӨВӨРХАНГАЙ: 21 аймгийн өсвөрийн шатарчдын багийн аваргыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-22 20:37:56

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат хуульч, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн”, шатрын спортын нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцангийн нэрэмжит 21 аймгийн өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд Арвайхээр хотод боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг 10 аймгаас 16 багийн 224 тамирчин ирж оролцон оюуны их спортоор өрсөлдсөн юм.



Тэмцээнийг олон оролцогчтой том хэмжээний тэмцээнд хэрэглэхэд тохиромжтой Швейцарь системээр зохион байгуулсан бөгөөд багийн нэгдсэн дүнгээр М.Баатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, Э.Жаргалан дасгалжуулагчтай Дорноговь аймгийн шигшээ баг дэд байр, Л.Баттөмөр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн шигшээ баг гутгаар байрт шалгарлаа.

Тэмцээний үеэр шатрын спортын дэд мастерын болзол хангасан Ш.Амарбаяр, III зэргийн болзол хангасан Н.Насанбуян, түүний дүү Н.Будзаан нарт аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж үнэмлэхийг нь гардуулан өглөө. 

Связанные новости