Ливийн зүүн нутаг дахь түр Засгийн газар огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Sputnik/. Ливи улсын зүүн нутагт үйл ажиллагаа явуулдаг түр Засгийн газар огцрох хүсэлтээ Төлөөлөгчдийн танхимд /паламент/ хүргүүллээ гэж тус улсын хууль тогтоох хурлын мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, парламентын дарга Агила Салех түр Засгийн газрын тэргүүн Абдалла ат-Тани болон зүүн нутагт маршал Халиф Хафтарын Ливийн Үндэсний армийг дэмжигч бусад өндөр албан тушаалтнуудтай яаралтай уулзсан байна.
Уузалтын үеэр хяналтад байгаа нутаг дэвсгэрийнх нь ард иргэдийн амьдралыг дээшүүлэхийг шаардсан жагсагчдын шаардлагыг биелүүлэхтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцжээ. Нийгэм-эдийн засгийн байдал нь дордож, цахилгаан эрчим хүч тасалдаж байгаагийн улмаас Ливийн зүүн нутагт сүүлийн хэдэн өдөр жагсаал цуглаан болсон байна.
2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафиг төрийн эрхнээс түлхэн унагаж, улмаар хөнөөсний дараа тус улсын эрх мэдэл хоёр хуваагдсан юм. Ливийн зүүн нутагт ард түмнээс сонгогдсон парламент хуралдаж байгаа бол нийслэл Триполи хотод НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулсан, Файез Сарраж тэргүүтэй үндэсний эв нэгдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Триполигоос хараат бус үйл ажиллагаа явуулж буй тус улсын зүүн хэсгийн эрх баригчид маршал Хафтараар удирдуулсан ЛҮА-тай хамтран ажиллаж байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сард Хафтар Ливийн нийслэлийг эзлэн авахыг оролдсон билээ.
Эрх мэдэл ийнхүү хоёр хуваагдаж, аюулгүй байдлын систем нурсан нь зэвсэгт босогчдын бүлэглэлүүд, террорист байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжихэд хүргэсэн байна. Төвлөрсөн эрх мэдэл, нэгдсэн арми байхгүйн улмаас Ливи нь хууль бусаар хил нэвтрэх төв, мөн хууль бус цагаачдын Африк тивээс Европ руу дамжин өнгөрөх цэг болж хувирчээ.