Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж буй байдалд үнэлгээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувьцаат компаниуд Компанийн засаглалын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж буй байдлыг үнэлсэн судалгааны тайланг гаргаснаа Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр танилцууллаа.
Ингэхдээ Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП-20” ангиллын хувьцаат компаниуд болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий хувьцаат компаниудын 2018, 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулсан байдлыг Компанийн тухай хууль, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас гаргасан “Олон улсын компанийн засаглалын зарчим”, Жи20 /G20/-ын компанийн засаглалын зарчмын хүрээнд үнэлэн судалжээ.
Судалгааны энэхүү тайлан нь компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль тогтоомж, дүрэм, журмын нийтлэг шаардлага болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж байгааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг багтааснаар онцлог аж.
Мөн энэхүү судалгааны дагуу компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэж буй бэрхшээлийг тодорхойлох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын өнөөгийн түвшинг харуулсан мэдээллийн сан үүсгэх ач холбогдолтой аж. Түүнчлэн компаниуд өөрийн онцлогт нийцүүлэн өөрчилж, боловсруулан ашиглах боломжтой “саналын хуудас”, хурлын дэг, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах материалын жагсаалтын жишиг загварыг хавсаргасан байна. Доорх холбоосоор судалгааны тайлантай https://www.forum.mn/res_mat/2020/KhuvitsaaEzKhural.pdf танилцах боломжтой талаар СЗХ-ноос мэдээллээ.